2025-04-29 19:16
idea.mn
Home Ideas for Education Хос хэлтэн буюу баилнгал хэрхэн бий болдог вэ?
Ideas for Education

Хос хэлтэн буюу баилнгал хэрхэн бий болдог вэ?

Англи, монголоор хольж ярих хүүхдээ хараад та хөтөлгөө морьтой, хос хэлтэй болж байна, ашгүй бусдын хүүхдүүдээс дутахгүй хэл устай болох нь хэмээн баярладаг уу? Үүний хариултыг эрдэмтэд нэгэн дуугаар үгүй хэмээн хэлнэ.

Хос хэлтэн гэдэг нь хоёр хэлийг шилжүүлэн, чөлөөтэй ашиглах чадвартай хүнийг хэлдэг. Тэгвэл  “чөлөөтэй ашиглаж чаддаг” гэж яг юуг хэлээд байна вэ? Зүгээр сайхан дуудлага акценттай, уянгалаг сайхан ярихыг хэлэх үү? Тэр хэлээр сонин уншиж, зохион бичлэг бичээд логиктой, хэлэх гэсэн санаагаа илэрхийлж, дүгнэх академик түвшний чадварыг хэлэх юм уу?

Үнэндээ бол тухайн судалсан хэлээрээ академик түвшинд уншиж бичих хэмжээнд чөлөөтэй бүрэн ашиглаж чаддаг хүнийг хос хэлтэн хэмээн дэлхий дахинаа тодорхойлдог. Ийм чадвартай хүнийг бэлтгэхэд хэдэн насандаа хэл сурч эхлэх, сургуульд ороод хэрхэн хэл сурах тухай маш олон онолын судалгаа, практик ололт, үр дүн бий.  Үүнийг эцэг эхчүүд бид сонирхон судлах хэрэгтэй. Үгүй бол бид маш олон Semilungual(double limited)хүүхдүүдтэй болно. Ийм хүүхдүүд аль ч хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй, насан туршдаа хүнтэй бүрэн хэл амаа ололцож чадахгүй нэгэн болж хувирдаг. Өөрийн бодсон санаснаа бүрэн илэрхийлж чадахгүй хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хангалттай хүрч чадах болов уу?

Хэлний мэдлэгийн цар хүрээ нь бага насандаа гацчихсан, хязгаарлагдмал хагас хэлтэй semilingual хүүхдүүд сургуульд олноор элсэн орж ирж байна. Ийм асуудалтай хүүхдүүд олширч буй шалтгаанд мэдээж, дэлгэц, youtube зэргээр хүүхдэдээ гадаад хэл зааж сургаад байна гэж андуу, эндүү боддог эцэг эхчүүдийн нөлөө их байна.

Боловсрол судлаач хүний хувьд хүүхдэдээ гар утас өгөөд олон цагаар англи хэл дээр контент үзүүлээд “аргалдаг” эцэг эхийг хараад дотор минь урагддаг. Мэдээж ажил ихтэй, амьдралын төлөө аргагүй тохиолдол байлгүй л яах вэ? Гэхдээ, тийм байдалдаа сэтгэл хангалуун, бүр манай хүүхэд англи хэлтэй шүү гээд бахархах зүйл бол биш гэдгийг хэлмээр байна. Эцэг эхчүүдийн хувьд хэл шинжлэл, хос хэлтний тухай тодорхой зөв мэдээлэлтэй, нухацтай боддог байвал ийм зүйлээр хүүхдээ хорлохгүй байх боломжтой юм.  Хүүхдийн тархи, сэтгэн бодох чадвар асар хурдтай хөгжиж, урин хаврын цэцэг адил нахиалж, урган төлжиж байдаг ид сайхан насанд  нь эх хэл болон, түүний фундам болох сэтгэлгээний цар хүрээ, тархины цэцэрлэгт хүрээлэнг нь хордуулж байна л гэсэн үг.

Одоо харин, гадаад хэлийг төрөлх эх хэл шигээ нэйтив түвшинд сурах боломжтой тухай үндсэн хэдэн зарчмыг хуваалцъя. Миний хувьд хэл шинжлэлийн ухааны хүн биш ч сурган хүмүүжүүлэх ухааны доктор хүний хувьд, мөн 10 наснаасаа 16 нас хүртлээ гадаадад амьдарч байсан туршлага дээрээ л тулгуурлан сурч, мэдснээ харамгүй хуваалцаж байгаа юм шүү.

1. Японы хос хэлтэн судлаач, хэл шинжлэлийн эксперт Таура докторын хэлснээр, жинхэнэ хос хэлтэн дэлхий дээр хэдхэн л хувь байдаг бөгөөд хос хэлтэн болох, түүнийгээ хадгалан авч явах нь маш хэцүү зүйл. Хос хэлтэн болоход бага ангийн 1-4 дүгээр анги хүртэл нь нэг хэлний академик суурийг тууштай, бат бөх тавих шаардлагатай юм. Өсөж төрсөн улс орных нь хэл бол тэр хүүхдийн эх хэл буюу суурь нь болдог. Хэрэв 3 дугаар ангидаа өөр хэлний орчин руу шилжсэн бол нэг жил анхдагч хэлийнх нь суурийг бүрэн тавихын тулд өдөрт дор хаяж хоёр цаг хичээллэж, нөхөж сургах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ фундам нь үгийн сан, дүрэм, уншиж бичих, цаашлаад логик сэтгэлгээ зэрэг хэлний үндсэн чадварын суурийг тавих ач холбогдолтой учраас маш чухал байна.

 2. Нэгэнт академик буюу унших, бичих чадварын суурь тавигдсан хүүхэд дараагийн хэлийг бас академик түвшинд сурах боломжтой бөгөөд хоёр хэлийг хооронд нь уян хатнаар солбин чөлөөтэй ашиглах чадвартай болдог.

3. Үүнийг хэл шинжээчид “10 насны хана” гэж нэрлэдэг байна. 10 нас буюу 4 дүгээр ангиас хүний хийсвэрлэх чадвар хөгждөг бөгөөд хэлний сууриа маш сайн тавиад өөрийгөө хангалттай илэрхийлэх хэмжээний танин мэдэхүй, суурь хэлзүйн мэдлэгтэй болсноор дараагийн хэлийг эх хэлний түвшинд сурч чаддаг хос хэлтэн болоход хамгийн дөхөм байна. Харин үүнд нөлөөлөх гол хүчин зүйл бол хэлийг ашиглах сэтгэлгээ гэдэг зүйл юм. Хэл шинжлэлийн ухаанд 3 нас хүртлээ гадаад хэлийг сонсоод өссөн хүүхэд жишээлбэл эцэг эхийн аль нэг нь гадаад байх тохиолдол, эсвэл эцэг эх нь адилхан монгол хүн байлаа ч гадаадад төрөөд өссөн “өв хэлтэн”-ий тохиолдолд аль алинаар нь ойлгодог. Харин үүгээрээ шууд хос хэлтэн болох уу гэвэл үгүй юм. Эдгээр хүүхдийн хувьд аль нэгээр нь академик хэлээ сонгоод суурийг нь бат бөх тавиад явах шаардлагатай болно. Бас л 1-4 дүгээр ангид нь аль нэг хэлээр эх хэлний суурийг тавих шаардлагатай. Харин түүний хажуугаар нөгөө хоёрдогч хэлний хичээлийг эцэг эх нь 10 нас орчмоос сургах шаардлагатай бөгөөд ингэж байж анх удаа бүрэн бүтэн хэл ашигладаг, сэтгэдэг хос хэлтэн болж чадна.

 Эх хэлний суурь бол зөвхөн хэлний чадвар биш ба сэтгэх арга зам, тархины суурь бүтэц, холбоосууд бий болж байдаг, харилцан уялдаатай нарийн явц гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөн давхар хос соёлтон болж байна гэсэн үг юм. Иймээс ямар хэлээр сэтгэж байгаа вэ, аливаа зүйлийг хэрхэн харж, хэрхэн сэтгэн бодох вэ гэдэгтэй ч шууд хамааралтай. Тэгвэл ийм байдлаар өөрийн байр суурийг сольж, хоёр өөр identity (амин чанар)-ыг өөртөө үүсгэдэг нь бас хос хэлтний онцлог байна. Тиймээс эх хэлний суурь нь тавигдаж байгаа бага нас буюу 0-6 настай хүүхдийг гадаад руу авч явах, гадаад хэл сургах нь эх хэлний хөгжлийг хойшлуулж буй асуудал тул анхаарах хэрэгтэй. Мэдээж нэг нас хүртэл хүний тархинд хэдэн ч хэлийг сонсоод ойлгох чадвар байдаг гэгддэг. Нөгөөтэйгүүр ийм насны хүүхдийн хэл устах явц сурахтай мөн адил асар хурдан байдаг байна. Харин гадаад хэлийг хааяа сонсох, орчинд нь орох зэрэг өдөөлт авах нь муу зүйл биш боловч энэ насны хүүхдэд дэлгэцээр гадаад хэл дээр олон цагаар юм үзүүлэх нь эх хэлний хөгжлийг боомилж буй хэрэг гэдгийг тунгаан эргэцүүлсэн болов уу  хэмээн найдаж байна.

Эх хэлний суурь хөгжил буюу фундамыг зөв тавьж чадсан хүн аливааг бүрэн ойлгож, илэрхийлж, өргөн чөлөөтэй сэтгэж чаддаг болох нь гарцаагүй үнэн юм. 4 дүгээр анги хүртэл нь гадаад хэл зааж учиргүй сүрхий гадаадаар ярьдаг болгох шаардлага байхгүй. Харин сонсоод мэдрэх төдий байхад болно. Хүүхдэд 1 дүгээр ангиас нь гадаад хэл зааж байгаа сургуулийг ажиглахад  эх хэлний суурийг ганхуулж буй таагүй дүр зураг юм.

Аялгуу сайхан монгол хэлээрээ алдаа мадаггүй, утга найруулгатай бичиж, бодсон санаснаа эмх цэгцтэй, чөлөөтэй, ойлгомжтой илэрхийлэх чадварыг эцэг эхчүүд бид үр хүүхэддээ өгч чадна. Гагцхүү оролдлого, хичээл зүтгэл л чухал.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Монгол хүний амин чанарын тухай

Монгол эцэг эхээс төрсөн л бол монгол хүн мөн үү? гэдэг асуултад...

Эцэг эхийн хамгийн чухал ажил юу вэ? Бид хаана хүрээд эцэг эх байх “ажил”-аа дуусгах вэ?

Аюулгүй хамгаалагдсан мэдрэмжийг бага насандаа авч чадсан хүн өөрийгөө юманд дайчлах эрч...

Багшийг хөгжүүлдэг карьерийн үе шатлал  — Япон улсын жишгээр — 

Багш бол боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эзэн нь мөн учир багшийн мэргэжлийн...

Хүүхдийг “олж харж чаддаг нүдтэй том хүн болох”-д туслах үндсэн мэдлэг ба монтессори боловсрол

Хүүхдийн хийж байгаа зүйлийг хараад, яагаад ийм үйлдэл хийж байна вэ гэдгийг...