2024-12-13 19:34
idea.mn
Home Ideas for Education Хүүхдийг “олж харж чаддаг нүдтэй том хүн болох”-д туслах үндсэн мэдлэг ба монтессори боловсрол
Ideas for Education

Хүүхдийг “олж харж чаддаг нүдтэй том хүн болох”-д туслах үндсэн мэдлэг ба монтессори боловсрол

Хүүхдийн хийж байгаа зүйлийг хараад, яагаад ийм үйлдэл хийж байна вэ гэдгийг тунгаан бодож, ажиглахад томчууд биднээс ердөө л 2-3 минутын хичээн зүтгэл шаардагддаг. Харин бид энэ 2-3-хан минутыг “тэсэн өнгөрөөж” чаддаггүй нь харамсалтай. Томчуудын нүдээр харахад ойлгомжгүй, заримдаа түвэг удаж мэдэхээр үйлдэл байвал, ахиад жаахан үргэлжлүүллээ ч гай гарз болохооргүй үйлдэл байсан ч бид дуугаа өндөрсгөн загнаж, эсвэл уг үйлдлийг хүчээр болиулдаг талтай.

Харин үүний оронд бид “Аан, энэ нь энэ хүүхдийн хувьд 〇〇-ны мэдрэг үе нь юм байна шүү дээ”, “Хүүхэд ийм маягаар сэтгэж боддог байх нь”, “Яг одоо энэ хүүхэд бие физиологи, тархиа хөгжүүлэхийн тулд ажиллаж байгаа юм байна” хэмээн ухамсартайгаар, хэсэг зуур хараад сууж чаддаг болбол хүүхдийн өдөр тутмын амьдралд оролцох бидний оролцоо, нөлөөллийн чанар нилээд том өөрчлөл орох боломжтой аж.

Бид хүүхдийн физиологид ямар үйл явц өрнөж байгааг мэддэг болсноор түүний үйлдлийн учрыг, тухайн үзэгдлийг ойлгож, хүүхдийг жинхэнээсээ “олж харж” чаддаг нүдтэй болох юм.

Үүнийг өөр нэг жишээгээр зүйрлүүлээд үзье. Европчуудын хувьд Америк тив гэж байдгийг огт мэддэггүй байх үеийн хорвоо ертөнцийн тухай ойлголт, Америк тив энэ далайн нөгөө талд оршиж байгаа гэдгийг өөрийн нүдээр хараагүй ч мэддэг болсны дараах ертөнцийн тухай ойлголт хоёрын ялгааг үүнтэй жишиж болох юм. Хүүхдийн үйл хөдлөлийн чиг хандлага, сэтгэл зүйн онцлогийн цаана байгаа, түүнийг үүсгээд байгаа физиологийн үндэслэлийн талаар ерөнхий ойлголттой болсноор бид хүүхдийн үйлдлийг илүү анхааралтайгаар, илүү гаднаас нь харж чаддаг болно.

Мэдээж, хүүхдийг сайн “олж хардаг” болоход физиологийн тухай үндсэн мэдлэг хангалтгүй. Үүн дээр нэмээд, хүүхдээсээ сургалцах даруухан бөгөөд чин сэтгэлийн хандлага маш чухал юм. Хүүхдийг гаднаас нь объектив мэдлэгт үндэслэн харахыг хичээх тусам томчууд бидний хувийн үзлээс халин давсан хүүхдийн жинхэнэ төрхийг олж харах боломжтой болдог. Урьд нь огт төсөөлөөгүй ийм шинэ нээлт, гайхширмаар зүйлийг олж харж чадсан цагаас эхлэн хүүхдээсээ суралцах сэтгэл нэмэгдэж, илүү даруу, бодь болдог тал бий.

Ингээд, “хүүхдийг олж харж чаддаг том хүн” болохын тулд мэдэж байх шаардлагатай үндсэн мэдлэгээс танилцуулъя.

Боловсролын өөрийн гэсэн алтернатив онолыг бий болгосон Монтессори өөрөөдээрх ойлголтыг ойлгомжтойгоор тайлбарлахын тулд энэхүү зургийг бүтээсэн юм. Хүүхдийн бага нас (1 насны сүүл үеэс эхлээд сургуулийн өмнөх 5-6 нас) бол энэхүү зураг дээр заасны адил хүүхдэд “мэдрэхүйн эрхтэн”, “хөдөлгөөний эрхтэн” болоод “тархи” бүрэлдэн бий болдог үе юм. Хүн харах, сонсох, хүрэх, үнэрлэх, амтлах гэсэн мэдрэхүйгээрээ дамжуулан гадаад ертөнцийг дотооддоо шингээн оруулдаг. Зургаар тайлбарлавал, харах, сонсох, хүрэх, үнэрлэх, амтлах мэдрэхүйн эрхтнээр дамжуулан гадаад орчинд байгаа өдөөлтүүдийг хүлээн авч байна. Тэдгээр мэдээлэл нь төв мэдрэлийн тогтолцоогоор дамжин хөдөлгөөний эрхтэнд тушаал өгдөг. Тушаал авсан хөдөлгөөний эрхтнүүд нь хөндлөн судалт булчин (voluntary muscles), мэдрэл, яснаас бүрддэг бөгөөд хөндлөн судалт булчингууд тухайн ухамсарын дагуу гадаад ертөнц рүү чиглэсэн хариу үйлдэл хийдэг. Энэ явцыг хүүхдийн өдөр тутмын амьдралын жижиг сажиг жишээн дээр бодоод үзье:

Хүүхэд гадаах цэцэрлэгт явган суугаад ямар нэг зүйл хийж байна. Сайтар ажиглавал, элсэн дотроос улаан, хар өнгийн жижиг чулуудыг түүн зүүн гарынхаа алган дотор цуглуулан атгаж байна.

Энэ нь хаа сайгүй харж болох хүүхдийн хөдөлгөөн боловч, энэ үйлдлийг бий болгож байгаа физиологийн үндэслэл нь дараах байдлаар тайлбарлагдана. 1.“Нүд” хэмээх харах эрхтнээрээ элсэн дотор байгаа улаан ба хар чулууг олж харна. 2.Харсан гэдэг нь “тархи”-нд мэдээлэгдэнэ. 3.Тархи оюун дотор нь элснээс чулууг ялгая, бүр улаан, хараар нь ангилъя, тэгээд цуглуулмаар байна гэсэн хүсэл төрнө. 4.Хүүхдийн оюун ба хүслийн нийлсэн энэхүү дотоод энерги нь хөдөлгөөний эрхтэн болох “гар”, “нуруу” зэрэг эрхтэнд дамжина. 5.Хүүхэд доошоо суугаад, гараа урагш сунгаад, хурууныхаа үзүүрийг ашиглан чулууг чимхэн авна.

Ийм хялбархан хөдөлгөөн ч бай “мэдрэхүйн эрхтэн → их тархи → хөдөлгөөний эрхтэн” гэсэн циклтэй физиологийн үйл явцаас бүрдэж байна гэсэн үг.

Ялангуяа 3-6 нас нь “мэдрэхүйн эрхтэн”, “их тархи”, “хөдөлгөөний эрхтэн” ид бүрэлддэг нас учраас амьдрах чадварыг хөгжөөж өгөх онцлогтой маш их үйлдэл, хөдөлгөөнүүдийг хийж байдаг. Хүүхдийн ямар нэг зүйлийг цоо ширтсэн байдал, маш тэвчээртэйгээр гар хурууныхаа үзүүрийг хөдөлгөж байгаа байдлыг харах үед, тэднийг дотроос нь ямар нэгэн хүч хөдөлгөж байгаа мэт нийтлэг төрх, том хүнд байдаггүй эрч хүч мэдрэгддэг шүү дээ. Том хүнээс маш ялгаатай ийм үйлдлүүдийн онцлог нь хүүхдийн яг энэ насанд бүрэлдэж байдаг хөгжлийн явцыг илтгэдэг. Энэ үед хүүхдүүд байгаль дэлхийгээсээ авсан даалгаврыг гүйцэтгэж байдаг юм.

Хүний биед хөндлөн судалт булчин, гөлгөр булчин гэсэн хоёр төрлийн булчин байдаг. Гөлгөр булчин нь ходоод гэдэс, зүрх зэрэг эрхтнийг бидний ухамсраас үл хамааран хөдөлгөж байдаг бол хөндлөн судалт булчин нь бидний ухамсраар хөдөлдөг булчин юм. Хүн зургаан нас хүртлээ энэхүү хөндлөн судалт булчингаа өөрийн ухамсраар удирдаж сурдаг байна. Ялангуяа 3-6 нас нь хүүхэд хөндлөн судалт булчингаа олон янзаар туршин үзэж хөгжүүлэх ёстой нас юм. Тиймээс хүүхэд маш их хөдөлгөөн хийх сонирхолтой байдаг бөгөөд маш их энергиэр уйгагүй хөдөлдөг. Монтессори боловсролын хамгийн том онцлог нь энэхүү хөндлөн судалт булчин бүрэлдэх үеийн хамгийн чухал ач холбогдлыг судлан, түүний гол асуудлыг илрүүлснээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа ашигласан явдал билээ.

Хүүхэд энэ насандаа сонин содон бүхий л хөдөлгөөнийг туршиж, хийж үзэнгээ өөрийн ухамсраар чөлөөтэйгөөр хөдөлгөж чаддаг бие бялдрыг хөгжүүлж байдаг, энэ бол зайлшгүй биелүүлэх шаардлагатай даалгавар юм гэдгийг томчууд бид мэддэг байх нь чухал. Энэхүү даалгаврыг биелүүлэхгүй, даван туулахгүй бол хөдөлгөөний өөрчлөлттэй, өөрийн биеийг өөрөө бүрэн удирдаж чаддаггүй том хүн болохоос гадна, өөрийн үзэл санааг илэрхийлэх болон суралцахуйн арга барилд ч асуудалтай үлдэх магадлалтай! Яагаад гэвэл, оюун ухаан ба хүсэл тэмүүлэл (ухамсар) нь хөндлөн судалт булчинг ашигласан хөдөлгөөнтэй салшгүй хамааралтай байдаг.

Дахин хэлэхэд, хүүхэд хөдөлгөөн хийнгээ суралцдаг онцлогтой гэдгийг том хүмүүс мэддэг байх шаардлагатай. Энэ бол бага сургуулиас дээш түвшний боловсролын суурь болох байгаль дэлхийгээс тэдэнд өгөгдсөн даалгавар юм! Хөндлөн судалт булчинг тааруулан оновчтой ажиллуулж сурах үе, цаашлаад бага насныхны оюуны болон сэтгэл зүйн асуудлын тухай зөв зохистой мэдлэг, ойлголтгүйгээр боловсрол, сурган хүмүүжүүлэх ажил зөв зохистой явах боломжгүй гэж хэлэхэд ч хилсдэхгүй.

Мөн “мэдрэхүйн эрхтэн”, “хөдөлгөөний эрхтэн” -ий бүрэлдэж дуусах үетэй холбоотойгоор орхигдуулж болохгүй зүйл бол “тархи” юм. Энэ үед тархи мөн адил бүрэлдэж дуусдаг бөгөөд, хүүхэд “мэдрэхүйн эрхтэн”, “хөдөлгөөний эрхтэн” -ээрээ дамжуулан оюун ухаанаа чөлөөтэйгөөр ашиглан “суралцах чадвар”-ыг бүхлээр нь суулгаж байдаг юм.

Хүүхэд бага сургуульд орсон хойноо эргэцүүлэн ойлгох чадвартай болдог гэх нь өрөөсгөл ойлголт юм. Бага насанд аль хэдийнэ маш идэвхтэй оюуны үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Нүд, гараа ашиглан ертөнцөөс суралцан, олон зүйлийг өөртөө шингээн авч байдаг үе тул энэ л үед “суралцах чадвар”-ын үндэс суурь нь бий болдгийг бид мэддэг байх хэрэгтэй. Сургуулиас олгогддог даалгавраас хамаагүй чухал даалгаврыг байгаль дэлхий энэ үед хүүхдэд олгож байдаг. Яагаад гэвэл энэ нь “хичээл”-ийн даалгавар бус, “бусдаас суралцах”, “сурах арга”-ыг эзэмших даалгавар учираас.

Эх сурвалж: Сагара Ацуко, 2015, “Ээж ээ, өөрөө бие даан хийхэд минь туслаарай: Монтессори бага насны боловсрол”, Коданша хэвлэл, pp.70-74.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Багшийг хөгжүүлдэг карьерийн үе шатлал  — Япон улсын жишгээр — 

Багш бол боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эзэн нь мөн учир багшийн мэргэжлийн...

Ажлаа өөрчлөх бодол буюу 45 хоногийн сургалтаар багш болох нь 

Боловсролын салбарт өнөөдөр 4200 багш дутагдалтай байна. Дутагдлыг нөхөхийн тулд дээд боловсролтой,...