Багш бол боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эзэн нь мөн учир багшийн мэргэжлийн чадвар, хандлага улс орны хөгжлийн үндэс байдаг. Тийм ч учраас багшийн тасралтгүй хөгжилийн тухай зохистой бодлого дэмжлэг ус агаар шиг чухал асуудал. Багш тэр дундаа бага, дунд, ахлах сургуулийн багшийн мэргэжлийн үе шатыг ангилах, тухайн мэргэжлийн үе шат, туршлагад тулгуурлан мэргэжил дээшлүүлэх сургалт, боловсролын газар болоод удирдлага хамт олны зүгээс зааж чиглүүлэх, туслаж дэмжих, хариуцлага үүрүүлэх, дэмжлэг өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа улс болгонд өөр өөр зарчмаар явагддаг. Тэр тусмаа ихэнх хөгжингүй улсад багшийн мэргэжлийн ур чадвар цаашлаад карьерийн үе шат нь маш нарийн тодорхойлогдсон байдаг бөгөөд сөхөөд үзвээс улсын хөгжлийн нууц тэдгээр тогтолцоон дотор зонхилж байдаг. Багшийн мэргэжил гэдэг бол A.R.Hochschild (1983)-ийн тайлбарласнаар “Сэтгэлийн хөдөлмөр (emotional labor)” бөгөөд, энэ нь “өөрийн сэтгэл зүйг удирдан зохицуулж, бусдад үйлчилгээ үзүүлдэг ажил”-ыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж сурсны үндсэн дээр хийдэг хүнд бөгөөд хатуухан ажил гэж хэлж болно. Үүнд багшаас гадна үйлчилгээний ажил, ялангуяа үйлчлэгчийн гомдол хүлээж авах ажил, эмнэлэг сувилахуй гэх мэт бүх төрлийн асрах, үйлчлэх ажлууд багтдаг.
Энэ удаад Япон улсын боловсролын системд багшийн мэргэжлийн үе шатыг хэрхэн тогтоосон байдаг тухай Шизүока мужийн жишээн дээр танилцуулахыг оролдъё. Үүнд багшийн ажилд зайлшгүй шаардлагатай чадваруудыг Япон улсын хувьд доорх 6 төрөлд ангилан тодорхойлсон байна.
1. Сурган хүмүүжүүлэгчийн чадвар, чанар
2. Хүнд байх ёстой ерөнхий чанар, чадвар
3. Багшлах, хичээл заах чадвар
4. Сурагчдыг зааж чиглүүлэх чадвар
5. Сургуулийн үйл ажиллагаатай хамаатай гүйцэтгэх чадвар
6. Байгууллагыг удирдан зохион байгуулах чадвар
Үүнд цаашаа нарийн тайлбарлахад, 1) Сурган хүмүүжүүлэгчийн чадвар, чанар гэдэгт багш хүний өндөр ухамсар, нийгмийн хариуцлага ба өөрийн үүрэг ролийг ухамсарласан байдал, гал эрмэлзэл, хайр энэрэл гэх мэт үндсэн багш хүний чанар багтана. 2) Хүнд байх ёстой ерөнхий чанар, чадвар гэдэгт ёс суртахуунт хүнийг хүмүүжүүлэх багшийн ерөнхий “хандлага” багтдаг бол 3) Багшлах, хичээл заах чадвар гэдэгт анги танхимд хичээлээ удирдан зохион байгуулах чадвар болон хичээл бэлтгэх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулан дүгнэх зэрэг илүү бодит сургалтын үйл ажиллагааны чадвар багтаж байна. 4) Сурагчдыг зааж чиглүүлэх чадвар гэдэгт сурагчдыг ойлгох, эрүүл чийрэг хөгжлийг дэмжихэд хэрэгтэй бүх төрлийн зааварчилгаа өгөх, чиглүүлэх чадвар. Эдгээр нь цаашаа, хүүхдийн бие эрүүл мэндийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, асуудал шийдвэрлэх, тусгай хэрэгцээ шаардах сурагчдыг тусгайлан чиглүүлэх, хүний эрхийн боловсрол, карьерийн боловсрол, амьдрал ахуйн зөвлөгөө өгөх, сургуулийн менежмент гэж нарийсдаг. 5) Сургуулийн үйл ажиллагаатай хамаатай гүйцэтгэх чадвар гэдэгт, дээрх 3, 4 -ийн чадваруудаас гадна мэргэжлийн чадвар багтана. Үүнд үр дүнтэй бичиг хэргийн чадвар эзэмшихээс гадна мэдээллийн хэрэгслийг ашиглах чадвар, эрсдэл, аюулгүй байдлын зохицуулалт, эрүүл мэндийн, тэжээл хоол зүйн мэдлэг, эцэг эхтэй харьцах хамтрах чадвар, орон нутгийн иргэдтэй хамтрах, мэргэжлийн судалгаа эрдэм шинжилгээний чадвар зэрэг нь агуулагддаг. Харин эцсийн 6) Байгууллагыг удирдан зохион байгуулах чадварт сургуулийн менежмент буюу байгууллагын зорилгот хүрэхэд хэрэгтэй чадварууд багтана. Байгууллагын нэг гишүүн гэдгийг ухамсарлах, түүний үүрэг хариуцлагыг мэдрэх, хамт олноо болон бусадтай үзэл санаагаараа ойлголцох, доод ажилтнаа өсгөн хүмүүжүүлэх гэх мэт бүх төрлийн харилцааны чадвар багтана. Эдгээрээс Япон улсын онцлог болсон чадварын тодорхойлолт бол яах аргагүй 4. сурагчдыг зааж чиглүүлэх чадвар мөн гэж судлаачид үздэг. Хүний амьдралын бүх төрлийн үйл ажиллагаанд сурган хүмүүжүүлэх, зааж чиглүүлэх элемент багтдаг гэж үздэг нь тэдний цаад философи үзэл санаатай хамаатай юм. Япон багш нар үдийн хоол идэх үед хүртэл сурагчдын хажууд суун иддэг ба үүнийг “үдийн хоолны зааварчилга” гэж нэрлэх нь бий. Харин ийм багш мэргэжлийн “Япон соёл” заримдаа хэрээс хэтэрсэн маягаар үйлчлэх, багшийн ажлын ачаалал хирээс хэтрэх асуудлууд яг одоо Японд хурцаар яригдаж байна. Харин багш хүний карьерийн үе шатыг доорх байдлаар ангилсан байна.
1. Ажилд анх орох үе
2. Үндсэн болон мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэх үе (багшлаад 10жил хүртэлх багш)
3. Баяжуулах болоод хөгжих үе (10-аас дээш жилийн туршлагатай бөгөөд 45 нас хүртэлх насны багш)
4. Гүнзгийрүүлэх ба туршлагаар арвин үе (45-аас дээш настай багш)
Эдгээр үе шат нь голчлон багшийн ажилласан жилээр ангилагдах боловч хүн гэдэг утгаараа нас туршлагыг мөн харгалзан авч үздэг нь Японы хувьд онцлогтой гэж хэлж болно. Жишээ нь хөгшин атлаа шинээр ажилд орсон багшийн хувьд 1-р шатнаас шууд 4) Гүнзгийрүүлэх ба туршлагаар арвин үе рүү шилжинэ. Багш өөрөө сэтгэлийн хөдөлмөр (emotional labor) тул, тухайн хүний нас болоод амьдралын туршлагыг харгалзан авч үздэг байна. Эдгээр үе шат болгоны хувьд дээр заасан багш хүнд байх ёстой шаардлагатай чадваруудыг тогтоож, түүний дагуу мэргэжлийн хөгжил, чиглүүлэлт, оноох хариуцлага нь өөр өөр байх бөгөөд ирээдүйд удирдах ажил руу орох чадвар өндөр багшийн хувьд захирал зэрэг удирдах ажилтан болоод боловсролын газраас нэр цохдог. Тэдгээр хүмүүс нэмэлт сургалт, мэргэжил дээшлүүлэх програмд хамрагддаг. (Доорх хүснэгтийг харна уу)
Хүснэгт.1 Багшийн мэргэжлийн үе шатууд ба хамрагдах сургалтууд ( эх сурвалж: Шизуока мужийн боловсролын газрын бэлтгэсэн материал 2017)
Жишээлбэл Шизуока мужийн багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагын “арга зүйч” багш нар дээр авч үзвэл, тэд энгийн багшаас тухайн байгууллагад арга зүйч болох үед өөрөө хүсэлт гаргах боломгүй ба дээрээс томилогдоно. Мөн Япон багш нар төрийн албан хаагч гэдэг утгаараа нэг сургууль дээрээ удаан ажиллахгүй гэсэн зарчим зонхилж байдаг. Өөр өөр боловсролын байгууллагад томилогдон аль болох боловсролын олон түвшинд ажилласнаар, тэд системээ цогцоор нь ойлгох давуу талтай. Харин энэ явцад чадварлаг ажиллаж байгаа багш нар үнэлэгдэн тушаал дэвшдэг. Үүний үр дүнд боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хамааралгүй, мэргэжлээрээ байнга хөгжих, цус сэлбэх боломжтой болгож чаджээ. Энэ бол Японы багшийн мэргэжлийн тогтолцооны онцлог гэж хэлж болно. Япон багш нарын шилжилт хөдөлгөөн (томилолт) нь жил бүр маш том цар хүрээ, хэмжээтэйгээр явагддаг бөгөөд тухайн багш өөрөө орох сургуулиа шийдэх бус цаанаасаа боловсролын яамнаас томилолт хэлбэрээр сургуульд хуваарилдаг. Тэр байтугай жил бүр шахуу анги даасан багш нар солигддог юм. Энэ нь хүүхдүүдийн хувьд 4 сарын 1-д (Японы хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг) том сюрприз болдог заншилтай. Ер нь нэг багш нэг сургуульд 5-аас дээш жил байна гэсэн ойлголт бараг байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу (улсын сургуулийн хувьд /ихэнхи бага дунд сургууль улсын сургууль байдаг). Энэ нь өөрөө системээ эрүүл байлгах нэгэн тогтолцооны том түлхүүр нь мөн болов уу гэж харсан. Мэдээж чадвараараа үнэлэгдвэл тэр хэмжээнд дээшээ явдаг багш байхад, нэг байрандаа өөр өөр сургуульд хуваарилагдаад явах тохиолдол ч элбэг. Харин энд цэвэр мерит тогтолцоо үйлчилдэг гэдгийг онцлох нь зүйтэй байх.
Япон улсын хувьд зонхилох стандарт нь улс даяараа ижил тул орон нутгийн бага зэрэг ялгааг эс тооцвол улс даяараа ерөнхийдөө нэг иймэрхүү. Маш том тогтолцоог жижиг мужийн жишээн дээр болхи байдлаар хялбарчлан тайлбарлах гэж оролдлоо. Монголын багшийн мэргэжлийн тогтолцоонд үүнээс санаа авах зүйл ч байна авах хэрэггүй зүйл ч байгаа тул авах гээхийн ухаанаар харах нь зөв болов уу. Ялангуяа системийг бий болгоод дуусах биш эрүүл хөдөлгөн авч явах, явцдаа эргэн харж засан сайжруулдаг тууштай механизыг давхар боловсруулах тал дээр Япон улсын тогтолцооноос ихээхэн санаа авч болохоор санагдана.
Эх сурвалж:
- Hochschild, Arlie Russell (1983).The managed heart: commercialization of human feeling. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-05454-7.
静岡県総合教育センター, 2017年3月「平成30年度 研修ガイドブック」
Leave a comment