Аюулгүй хамгаалагдсан мэдрэмж, туршлагыг бага насандаа авч чадсан хүн өөрийгөө юманд дайчилах эрч хүчтэй, зоригтой, аз жаргалтай нэгэн болдог. Ямар ч мундаг академик мэдлэг, хөгжүүлсэн ур чадвараас илүү хүнийг аз жаргалтай байхыг шийддэг зүйл бол өөрийн амьдралыг өөрөө бүрэн жолоодох, өөрийгөө чухал, хамгаалагдсан нэгэн гэдгээ мэддэг байх явдал байдаг тухай бид төдийлөн хангалттай анхааралгүй үр хүүхдээ өгсөх тал анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, хүний далд ухамсарт бүрдсэн өөртөө итгэх игтгэл, өөрөө өөрийн оршхуйг хүлээн зөвшөөрсөн байдал нь өнөөдөр өрнөж буй үйл явдалуудыг хэрхэн хүлээн авах, тэдгээрт сэтгэл хангалуун байх эсэхийг шийддэг гол үндэс болдог гэсэн үг. Үүнийг бүрэлдүүлдэг хүчин зүйл бол эцэг эх хүүхдийн хоорондын бат бөх итгэлцэл, тухтай айдасгүй харилцаа байдаг.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулчихвал эхний том даваагаа давсан гээд тайвширдаг. 3,4-р ангид орохоор нь том болсон гээд зөнд нь орхидог. 3-р анги буюу 7,8 настай хүүхэд ихэнх зүйлийг өөрөө хийж сурчихдаг учир сургууль болон багшид найдаж болох мэт санагддаг.
Бага ангийн насны хүүхэдтэй эцэг эхийн хувьд хамгийн гол алдаа нь хүүхдийнхээ хичээл сурлага, дүн дээр нь хэт их ач холбогдол өгч, морь мал мэт араас нь хэрхэн “ташуурдаж”, академик, мэдлэг, ур чадварт сургах тухай л бодож өсгөх гээд байдаг. Үр дүнд нь хүүхэд аз жаргалгүй, өөртөө итгэлгүй, өөрөө шийдвэр гаргах хүсэл чадвааргүй, юуг хүсээд байгаагаа мэддэггүй нэгэн болж хувирдаг.
Ийм байдлаар 9, 10-р ангид орсон хүүхдээ хэрхэн яаж чиглүүлэхээ мэдэхгүй, хүүхдээ “алдчихсан” эцэг эхчүүдийн хувьд асуудал маш хурцадмал болж ирдэг. Хүүхэд эцэг эх байтугай том хүнд итгэхээ больсон учраас чин сэтгэлээсээ ярилцаж, зөвлөлдөж чадахгүй болчихдог. Багш нарын хувьд ийм хүүхдүүдтэй ажиллахад ихээхэн хүндрэл үүсдэг асуудал бий. Тэд олон нүүртэй, дүр эсгэдэг нэгэн болж, өрөөлийг хуурах аргаа ч олчихсон байдаг ба ирээдүйн мөрөөдөлгүй байдаг тул чиглүүлэхэд ихээхэн хүндрэлтэй. Харамсалтай нь ихэнхи ахлах ангийн хүүхдүүд дээр нийтлэг асуудал болоод байна. 10-15 нас хүртэл нь хүүхэдтэйгээ дотно итгэлцэл, сайн харилцааг үүсгэж чадаагүй бол, түүнээс хойш ажиллахад хэцүү болсон байдаг жишээ амьдрал дээр олон бий.
Тэгвэл эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дотно харилцаа, итгэлцэл үүсгэхийн тулд яах ёстой вэ?
Нэн түрүүнд хүүхдэдээ хайртай гэдгээ зөвөөр илэрхийлж, хүүхэдтэйгээ цаг гарган илэн далангүй бүхий л асуудлыг ярилцдаг дотно харилцаа, итгэлцэл үүсгэх нь хамгаас чухал. Миний хүүхэд юм чинь надад итгэхгүй яах юм гэсэн хандлагатай байж болохгүй.
Итгэлцэл яагаад чухал вэ гэж үү? Хүүхдийн хувьд, гэртээ байгаа орон зай хамгийн аюулгүй, юу ч болсон миний ард, миний талд гэр бүлийн хүмүүс байгаа гэсэн мэдрэмжийг авдаг. Ийм хамгаалагдсан мэдрэмжтэй өсөн торниж буй хүүхэд гадагш гараад нийгмийн харилцаанд орсон үед юугаар ч жишимгүй зоригтой, өөртөө итгэлтэй, суурь нь ганхахгүй барилга мэт бат бөх нэгэн болдогт л бүх учир шалтгаан байна.
Үүнийг сэтгэл судлалын ухаанд “ээнэгшил (attachment)”, “өөрийн ур чадвартаа итгэлтэй байдаг (self-efficacy)” гэх ба энэ ойлголтын мөн чанарыг ойлгодог эцэх эхчүүд цөөн. Үүнийг бичиглэж буй миний хувьд ч дөнгөж ээж болж, дараа нь боловсрол судлалаар магистрт суралцаж байх хугацаандаа л цаад утгыг нь ухаж ойлгож байсан.
Энэ тухай, нялх хүүхэд, ээж хоёрын дунд хийсэн сэтгэл судлаачдын олон туршилтын үр дүн байдаг. Бүх хүүхэд ээжийнхээ хажууд байгаа гэдгээ мэдрэх төдийд хүчтэй болж, шинэ тоглоом, шинэ хүмүүстэй харилцахдаа өөртөө итгэлтэй болдог ба цаашлаад шинэ зүйлд зоригтойгоор өөрийгөө сорьж чаддаг нэгэн болдог.
Харин тэрхүү аюулгүй орон зай нь ганхахад өөрийгөө хаах, хумих, дотогшоо нэгэн болж хувирдаг байна. Ээнэгшлийг үүсгэх буюу “хайрлагдсан, хамгаалагдсан, сонсогдсон, аюулгүй мэдрэмж”-ийг өгнө гэдэг бол эцэг эх байх хамгийн гол “ажил” юм.
Энгийнээр хэлбэл, хүүхдийг мод гэж үзвэл тэдний хөгжлийн суурь болох хөрс нь ээж аавтайгаа үүсгэсэн ганхашгүй бат бөх харилцаа, хүүхдэдээ өгсөн итгэл найдвар байдаг. Чи заавал амжилттай, төгс нэгэн байх албагүй, харин аз жаргалтай, өсч дэвжих тэмүүлэлтэй байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл ямар ч нөхцөлгүйгээр аав ээж нь чамайг хайрлана, чиний талд байна гэдгээ үг, үйлдлээрээ мэдрүүлэх нь чухал. Яаж гэж үү? алдаагаа таньд яривал загнахгүй сонсох, нууцаа хэлбэл хэзээ ч задруулахгүй байх, юм асуувал бухимдалгүй зааж өгөх… гэх мэт эцэг, эх-хүүхдийн дээрээс харсан харилцаа биш энэ тэнцүү, эрх тэгш хандлагаас эхэлнэ.
Хүн хэчнээн том болсон ч эцэг эхийгээ харж, өөрийнхөө зөв явж байгаа эсэхийг дахин дахин шалгадаг гэдэг. Үүнийг ээнэгшлийн нэг төрөл гэж хэлж болно. Хүүхэд эцэг эхтэйгээ ямар харилцаатай байх нь өөрийн зохиосон амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах эсэхийг нь шийддэг том хүчин зүйл болдог. Иймээс “ингэх ёстой, тэгэх ёстой” гэсэн хоосон номлол бус хүүхэдтэйгээ хамт байх хугацаандаа тэдэнтэй эерэг бөгөөд эрүүл харилцааг хөгжүүлээрэй.
Хүүхдээ хүмүүжүүлэх ажлыг дуусгах хугацаагаа 15 нас хүртэл нь гэж тодорхойлоод үзээрэй. Ийм тохиолдолд насаараа хүүхдээ тэжээж, зааж чиглүүлнэ гэх бус харин “15 нас хүртэл нь хамтдаа юу хийж чадах вэ? Би 15 нас хүртэл нь тэдэнд юуг өгч чадах билээ?” гэдэг талаас нь бодож эхлэх болов уу. Энэ хязгаарлагдмал, дахин хэзээ ч олдохгүй нандин хугацаанд та үр хүүхдэдээ цааш бие даан амьдрахад өөртөө сэтгэл хангалуун, өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч чаддаг, аз жаргалтай нэгэн болох хөрсийг бэлтгэж өгье гэж бодох байх. Тийм тохиолдолд та мартагдашгүй аз жаргалтай хамтын дурсамжийг бэлэглэх нь маш чухал болно. Бид арга барил зарчмаа ойлгочихвол таны амьдралын дийлэнх зорилго болох үр хүүхдээ жаргалтай, бие даасан хүн болгох ухаанаа олж чадна. Амьдралд үр хүүхэд маань өөртөө итгэлтэй, өөрийгөө сорьдог, шийдвэрээ бие даан гаргадаг болчихсон цагт илүү хүсэх зүйл байгаа гэж үү?
Leave a comment