No products in the cart.
No products in the cart.
Монгол эцэг эхээс төрсөн л бол монгол хүн мөн үү? гэдэг асуултад хариулахад улам л төвөгтэй болсоор байна. Тэгвэл таныг яг юу монгол хүн болгодог вэ? Үндэсний амин чанар (identity)[1]” гэж юуг хэлээд байна вэ?
Шинэ үеийг өсгөж байгаа эцэг эхчүүд бид дотроо жанжин шугамтай байж, “монгол хүн” гэсэн цэгц байр сууринаас үр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгцээ улам ихсэж байна. Үндэстний амин чанарыг нь таниулах хамгийн үр дүнтэй арга бол үр хүүхдээ монгол ахуйд ойртуулж, олон айлд зочлон, мэнд мэдэх, хүн дайлах, идээ будаа засах ёс заншлыг таван мэдрэхүйгээр нь мэдрүүлэх юм. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр нь бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн ахуй, соёлыг тодорхойлдог томоохон баяр, бас энэ цаг үед үр хүүхдэдээ хувь хүний “амин чанар”-ыг бүтээж өгөх боломж гэж хүлээж аваасай гэдэг санааг онцолмоор байна.
Хүн ер нь идэж буй хоол хүнс, харилцаж буй хүн, дуу хөгжим, эд зүйлсээр дамжуулж монгол гэсэн амин чанараа олдог юм байна гэдгийг би өөрийн амьдралаараа ойлгосон юм. Дурсамжаасаа хуваалцахад, би 10-16 нас хүртлээ Япон Улсад амьдарч, 18 нас хүрээд дахиад л Япон руу их сургуульд суралцахаар явж байсан. Дараа нь магистр, докторт сурсан он жилүүд гээд бодохоор нийт 17 жил энэ улсад сурч, амьдарчээ. Тэр үед миний дуртай дуу, хоол хүнс, юунд огшиж, юунд баярладаг нь хүртэл японтой л холбоотой болж, монголчууд, монгол ахуй, соёл надаас хол байв. Харин нас биед хүрэх үед “Би ер нь хаанахын хэн юм бэ?” гэдэг дотоод зөрчил (Identity crisis) их хурц болж ирсэн л дээ.
Учир нь хувь хүн төлөвшин бүрэлддэг хамгийн чухал цаг үе минь япон гэдэг соёл дунд өнгөрсөн. Азаар бага байхаас аав ээж минь гэртээ монгол хэлээр хоорондоо ярилцахыг сануулдаг, монгол хүн гэдгээрээ бахархдаг байсан нь, цагаан сар, наадам гээд үндэсний баяраа өргөн дэлгэр ач холбогдолтой тэмдэглэж, үндэсний хоолоо гэртээ хийж иддэг байсан минь, нэг жил ч гэсэн монголд сураад олон найз, нөхөд хүрээлэлтэй болсон минь надад монгол гэсэн элэг нэгтэй мэдрэмжийг өгч “амин чанар”-аа ойлгож ухаарахад тусалсан.
Бараг л унаган япон хүн шиг болчихсон охин монгол хэл, соёлоо хадгалж, авч үлдэж чадсандаа маш их баярладаг. Үгүй бол том болоод монгол хүн болох сонголт надад байхгүй. Ерөөсөө л гаднын хэл соёлыг өөрийн мэт ойлгож, тэрэндээ уусчихсан байх биз. Бидний хэл, үндэсний ёс заншил, соёл урлаг, баяр наадам, дотно хүрээлэл цаашилбал үнэр, мэдрэмж, дурсамжууд хүний амин чанарыг бүтээхэд гол нөлөөлдөг хүчин зүйл гэж хэлж болох болов уу.
Одоогийн энэ нийгэмд өөрийн амин чанарыг мэдэрдэггүй хүн олон болсон нь яах аргагүй гадаадад амьдарч, үр хүүхдээ тэндээ өсгөдөгтэй ч холбоотой байх.
Мөн нөгөө талд эх орондоо амьдардаг ч монгол хүн гэсэн амин чанараа ойлгохгүй, хаа хамаагүй гаднын соёлоор угжуулаад өссөн хүүхдүүд нүднээ илт ажиглагддаг. Хэлтэй бол хөлтэй гэдгээр эцэг эхчүүд нь гадаад сувгуудыг өдөржин үзүүлчихдэг. Хүү, охин маань ирээдүйд хэл усны асуудалгүй болчихно гэдэг. Энэ бол өнгөцхөн л дүгнэлт. Угтаа бол эхлээд монгол амин чанараа мэдэрч, хэл соёлоо сурсан хүүхэд харь ямар ч хэлийг төвөггүйхэн сурна.
Хэрвээ монгол хэл, соёл, өв уламжлалаа хоёрдугаарт тавьж, гадаад хэл, соёлыг шүтэж өсвөл монгол гэдэг амин чанарыг насан турш өөрөөсөө хайж, дотроо зөрчилдөөд аль ч үгүй, хаана ч харьяалагддаггүй гадуурхагдсан (outsider) мэдрэмжийг үргэлж мэдэрдэг нэгэн болж ч мэднэ.
Хувь хүн өөрийгөө хэн гэж тодорхойлоод, ямар бүлэг хүмүүс, соёлд өөрийгөө адилтгаж харах вэ гэдэг нь төрөлхийн өгөгдөл биш өсөж торних явцад олж авдаг зүйл юм. Тэгвэл амин чанар хэрхэн бий болдог вэ?
Хөдөө гэрт эмээгийн минь хийсэн аарцтай шөл, тараг, өрөм, ааруул, ээзгий, хайлмаг, ээжийн минь хийдэг гурилтай шөл, шар тосонд хайрсан хуушуурын тухай бид нүүрэндээ мишээл тодруулан дурсан санаж л байдаг . Хэрэвзээ бидний хүүхдүүд өдөр бүр “мисо” шөл ууж өсвөл том болоод аарцтай шөл уух дургүй, бүр үнэрийг нь ч авч чадахгүй болчихно. Одоо үед монгол хүүхдүүд ааруул, шар тос, сүүлний тос үнэрлэж ч чадахгүй болсон нь үүнтэй ч холбоотой… Гэлээ гээд зөвхөн монгол хоолоо л идүүлж өсгөөрэй гэх нь утгагүй л дээ. Монгол хоолоо ч, гаднын хоолыг ч идэж чаддаг байх, гэхдээ монгол хоол, ёс заншил, ахуйгаа түлхүү мэдрүүлж өсгөх нь ирээдүйд тэр хүнийг бүтээх гол хүчин зүйл, амин чанар болно гэдгийг санаж, анхаарч өсгөх нь л бидний хийж чадах зүйл болов уу.
Та бүхэн минь монгол ондоошил, амин чанарынхаа тухай эргэцүүлэн нэгийг бодож, хоёрыг тунгаан “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баяраа үр хүүхдэдээ дурсамж бүтээж, ахан дүүсээрээ өргөн дэлгэр, сайхан тэмдэглээрэй.
Хүндэтгэсэн: Боловсрол судлалын доктор Г.Суурь
[1] Амин чанар нь хувь хүн эсвэл бүлгийг тодорхойлж байдаг зан чанар, итгэл үнэмшил, гадаад төрх байдал, илэрхийлэмж зэргээс бүрдсэн чанаруудын хослол юм. Хүүхдийн өөрийгөө таньж, хэн гэж тодорхойлох нь хүүхэд ахуй насандаа бий болдог ойлголт бөгөөд энэ нь амьдралын янз бүрийн үе шатанд үргэлжилсээр байдаг.
Аюулгүй хамгаалагдсан мэдрэмжийг бага насандаа авч чадсан хүн өөрийгөө юманд дайчлах эрч...
Багш бол боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эзэн нь мөн учир багшийн мэргэжлийн...
Хүүхдийн хийж байгаа зүйлийг хараад, яагаад ийм үйлдэл хийж байна вэ гэдгийг...
Боловсролын салбарт өнөөдөр 4200 багш дутагдалтай байна. Дутагдлыг нөхөхийн тулд дээд боловсролтой,...
Leave a comment