2024-12-27 07:55
idea.mn
Home Uncategorized Хөгжил нэхчихээд “Хөгжлийн сан”-гаас жийрхсээр…
Uncategorized

Хөгжил нэхчихээд “Хөгжлийн сан”-гаас жийрхсээр…

Хүн төрөлхтөн суурин иргэншилтэй болж эхлэх үеэс л хоол хүнс нөөцөлж эхэлсэн гэдэг. Анчин түүвэрлэгчийн нийгмийн гишүүд олдсоноо хүртчихээд тууж явдаг байсан тул ямар нэгэн нөөц, сан байгуулах хэрэггүй байлаа. Хоол тэжээл хайхаас залхсан юм уу олдоц нь багасаад ирэх тэр үед л бид тариа, ногоо тарьж ургуулж, мал амьтан гаршуулж эхэлсэн байгаа юм. Нэг үгээр хэлвэл хоол, хүнс хайн тэнүүчлэх биш өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн тэр үеэс л удирдагчид төрж эхэлсэн байгаа юм.

Бусдаасаа тархины бядаар илүү, арай холыг хардаг хэсэг нь нөөцөө бүрдүүлж, татвараа хурааж эхэлсэн байгаа юм. Одоо эргээд харахад энэ систем хүний нийгмийн хамгийн төгс хувилбар юм санж. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс гүрнүүд өнгөрсөн зууны сүүл үеэс эхлэн иргэдийнхээ ирээдүйн даатгалд зориулж дээрх анхны суурин иргэдийн байгуулсан систем шиг нөөц сан байгуулж эхэлсэн байдаг. Энэ нь нэг талаараа хоол хүнс нөөцлөхтэй ижил агуулагтай учраас дээрх жишээг татсан хэрэг.

Дэлхийд баялгийн хөрөнгийн хэмжээгээр нэгдүгээрт Норвегийн сан тэргүүлдэг. Норвегийн сангийн хөрөнгийг Норвеги хүн бүрт хувааж өгнө гэвэл нэг иргэнд 270 мянган ам.доллар оногдоно гэхээр ямар баян сан гэдэг нь ойлгогдоно. Норвегийн сангийн араас Хятад, Саудын Араб, Сингапур, Хонгонг, Катар, Кувейт улсын сангууд хөрөнгийнхөө хэмжээгээр удаалж байна. Норвегоос бусад нь азийн улс байхаас гадна Хонгонг, Сингапураас бусад нь байгалийн баялагаас олсон орлогоороо сан байгуулсан болов уу гэж харагдаж байна. Монгол улсын хувьд байгалийн баялаг ард түмний өмч гэдгийг Үндсэн хуулиндаа шигтгэж өгсөн. Үндсэн хуулийн дагуу байгалийн баялагаас олсон орлогыг иргэн бүрт хувьцаа хэлбэрээр олгохоос гадна иргэн бүрийн ирээдүйн амьдралын баталгаа болгож хуримтлалын сан байгуулсан.

Монгол Улс энэ сангийн хөрөнгийг дээрх баян улсуудын байгуулсан сангийн зиндаанд хүргэх, иргэн бүрт сэтгэл ханамжтай амьдралын баталгаа бий болгох амбицтай. Зөвхөн Баялагийн сангийн тухай хууль батлагдсан 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс өдий хүртэл энэ хуримтлалын санд 497.5 тэрбум төгрөг цугласан байгаа гэнэ. Мань мэт шиг хурааж хумьдаггүй, холыг харж хотлыг халиадаггүй нөхдийн өмнөөс шийдээд явчихаж байгаа нь амар санагдаж байна. Ирээдүйд ганц өрөө байрны урьдчилгаанд ч юм уу, эрүүл мэнддээ зарцуулж болно. Боловсролд зарцуулах маань ч яамай. Ерөнхий сайдын хэлж байгаа үнэн бол хуримтлалын сан маань жил бүр хагас их наядаад нэмэгдээд явчих юм байна. Одоо төрд байгаа стратегийн ордуудын 34 хувийн хөрөнгө энэ санд төвлөрнө гэсэн. “Цагаан суварга”, “Ачит эх” хоёрын 34 хувийг нэмчихвэл хөөрхөн орлогтой болчихоор юм байна шүү. Дээрээс нь “Бадрах энержи” компанийн төсөл хэрэгжээд эхэлвэл ч…За энэ ч яах вэ. Маниудын нэхээд байдаг хөгжил “Хөгжлийн сан”-гаар дамжин ирэх нь байна даа.

Хөгжлийн банкны явдлаас болоод монголчууд “Хөгжил” гэдэг үгнээс жаахан жийрхээд байх болсон. Улс орноо хөгжүүлэх биш аваргууд өөрсдийгөө хөгжүүлээд явчихсан юм чинь аргагүй л дээ. Уг нь бүгдээрээ хөгжмөөр байгаа байхгүй юу. Уг нь хөгжил гэдэг утаагүй цэвэр агаартай, бохирдоогүй хөрс, түгжрээгүй гудамжууд, тасардаггүй тог, таглардаггүй зам юм л даа.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Алдуул морь шиг баялгаа хашиж авлаа, одоо зөв зарцуулъя

Хэдхэн хоногийн өмнө монголчуудын дансанд Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ногдол ашиг орсон. Үүнийг...

Баялагтаа ч, балагтаа ч эзэн нь байх минь!

“Монгол хүн баялгийнхаа эзэн байх ёстой” гэж уурлаж “Наад баялаг чинь уг...

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий...

Ерөнхийлөгч сайд, дарга нарт утааг бууруулах чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.12.16/ УИХ, Засгийн газрын гишүүд болон Тавантолгой...