2024-12-13 20:52
idea.mn
Home Uncategorized МИАТ компани Боинг онгоцоо өөрийн эзэмшилд авснаар тийзний үнэ буурах боломж бүрдлээ
Uncategorized

МИАТ компани Боинг онгоцоо өөрийн эзэмшилд авснаар тийзний үнэ буурах боломж бүрдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани JU-1021 бүртгэлийн дугаартай Боинг767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж, 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмч болгон шилжүүлж авах ёслол өнөөдөр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудалд боллоо. Агаарын хөлгийн зээлийн төлбөрийг барагдуулснаар нислэгийн тийзийн үнэд ямар нөлөө үзүүлэх талаар МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулав. 

-Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд Монголд төдийгүй дэлхий дахинд иргэний нисэхийн салбарын хувьд амаргүй байлаа. Энэ хүнд үед Боинг онгоцны зээлийн төлбөрийг хэрхэн төлж байв?
-Сүүлийн хоёр жилд МИАТ төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан агаарын тээвэрлэгч компаниуд хүнд үеийг тууллаа. Тиймээс 2021 оны аравдугаар сараас эхлэн онгоцны төлбөрөө төлөх боломжгүй болсон тул дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьсан. Бид онгоцны зээлийн төлбөрөө 2023 оны хоёрдугаар сард графикийн дагуу төлж дуусах хуваарьтай байсан. Төлбөрийн үлдэгдэл болох 8.15 сая долларын МИАТ компани өөрийн нөөц бололцоогоор төллөө.

-Яаж ийм эх үүсвэр гаргасан хэрэг вэ?
-2021 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл МИАТ компанийн ТУЗ-ийн хурлаар зардал хэмнэх болон нэмэлт орлого олох 58 ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүгээр сардаа 2 тэрбум орчим төгрөгийн үйл ажиллагааны болон бусад илүү зардлыг хэмнэж ажилласнаар 52 тэрбумын алдагдалтай гарах байсныг 11 тэрбум болгож бууруулсан. 2022 оны нэгдүгээр улирлын тайлангаар МИАТ компани ашигтай ажиллалаа. Ковидын өмнө ч гэсэн 2018, 2019 онд өвлийн улиралд ч ашигтай ажиллахад амаргүй байсан. 2022 оны нэгдүгээр улиралд ашигтай ажиллахад нөлөөлсөн гол үзүүлэлт нь карго тээврийн  орлого байв.

-Зээлийн төлбөрийг барагдуулсан тул тийзний үнэ буурах уу?
-Тийзийн үнэ буурна гэсэн олон нийтийн хүлээлт байгаа байх. 2018 оноос эхлэн агаарын тээврийн либералчлал үе шаттай явагдаж, гадны онгоцууд Монгол Улс руу олноор нисэж эхэллээ. Энэ үйл ажиллагаанд МИАТ компани бэлэн байгаа. Бид зах зээлийнхээ зарчмаар билетийн үнийг бууруулна. Үнийг бууруулахад гурван төрлийн ажлыг урьтал болгон ажиллана.

Нэгдүгээрт, Аюулгүй ажиллагааг тэргүүн зэрэгт тавина. МИАТ Олон улсын агаарын тээврийн холбооны аудитын шалгалтад тэнцсэн Монголд үйл ажиллагаа явуулж буй ганц компани. Тэгэхээр аюулгүй ажиллагааг нэгдүгээр тавьж, аюулгүй ажиллагаанаас мөнгө хэмнэхгүй.

Хоёрдугаарт, Тийзний үнийг бууруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, Үйлчилгээгээ сайжруулна. Зөвхөн онгоцон доторх үйлчилгээнээс гадна газар дээрх билет борлуулалт, зорчигчийн бүртгэлийн гэх мэт олон төрлийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж байгаа. Онгоцны хоолыг их шүүмжилдэг. Бид хоолны үйлчилгээг үндсээр нь өөрчилж, МИАТ-ын онгоцны хоол нэг компаниас хараат биш байдлаар шийдэхээр ажиллаж байна.

-Онгоц өөрийн өртгөө ямар хугацаанд нөхдөг вэ? 122 сая ам.долларын үнэтэй МИАТ-ын Боинг хэзээнээс ашиг олж эхлэх бол?
-Энэ онгоцыг 2013 онд анх 122 сая долларын үнээр гэрээний дагуу худалдан авсан. Хүүтэйгээ нийлээд 160 орчим сая доллараар төлбөр төлөгдөж дууслаа гэсэн үг. Онгоцны өртгөө төлөх хугацаа нь тухайн зах зээлээс шалтгаалдаг. Манай онгоц өөрийн өртгийг төлөөд дуусаж байна гэсэн үг. Бид 2023 оны хоёрдугаар сард төлбөрөө төлж дуусах хуваарьтай байсан. Улиралд 2.1 сая ам.долларын төлбөр төлдөг байлаа. 

-Зээлийн төлбөрийг төлснөөр тийзнийхээ үнийг бууруулах уу?
-Хугацаанаас нь өмнө төлбөрөө төлж дууссан нэг гол шалтгаан бий. Манай онгоц Оросын нутгаар нисэж чадахгүй байгаа. Улаанбаатараас Франкфурт руу нэг талдаа есөн цаг нисдэг байсан бол урагшаа Хятадын нутгаар дамжин тойрч, 11 цаг нисэж байгаа. Онгоц МИАТ-ын өмчлөлд ирснээр Орос Украины мөргөлдөөнтэй холбоотой Оросын агаарын орон зайн хоригт орохгүй болно гэсэн үг. Онгоц маань өмнө нь АНУ-ын EXIM банкны барьцаанд байсан учир ОХУ-ын агаарын орон зайд нисэхийг хориглосон байв.

Оросын агаарын орон зайд нисэхийн тулд зээлийн төлбөрөө урьдчилан төлсөн. Тэгэхээр Оросын нутгаар нисэхийн тулд давхар даатгалын компаниудтайгаа хэлэлцээр хийж эхлээд байна. Ойрын үед манай онгоц Оросын агаарын орон зайд нисэх боломж нээгдэж, зардал буурна. Хоёр талдаа нисэх хугацаа дөрвөн цагаар багасна гэдэг 30 орчим тонн шатахуун хэмнэгдэнэ гэсэн үг.

-Дээд тал нь хэдэн жилийн насжилттай онгоцоор зорчигч тээвэрлэхийг зөвшөөрдөг вэ?
-Монгол Улсад 20 хүртэлх жилийн насжилттай онгоцоор зорчигч тээвэрлэж болно гэж заасан. Манай Боинг767-300ER онгоц есөн настай. Харин карго тээвэрт 30-40 жилийн насжилттай онгоц ашиглахыг зөвшөөрдөг.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон...

1-2-р ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын...

“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 2-ны ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын...

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 9-ний ээлжит хуралдаанаар Монгол...