Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна.
“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Сүхбаатар дүүрэг дэх 10 га, Чингэлтэй дүүрэг дэх 13 га газрын төлөвлөлтийг батлуулсан байна. “Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ. Энэ онд багтаж газар чөлөөлөлтийг дуусгаж 1184 өрхийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг хийнэ. Тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. Дараагийнх нь “Баянхошуу дэд төв” байх бөгөөд одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нөөс гажихгүйгээр ажлаа хийхийг санууллаа. Орон сууцны хороолол барихад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг бүрэн төлөвлөн иргэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд түгжрэхгүй, 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг хэллээ.
Мөн 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байна. Энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Бид ирэх сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байна. “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ.
“Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна. Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана гэв.
“Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусаж хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.
Leave a comment