2024-11-13 16:53
idea.mn
Home Ideas for Education Ажлаа өөрчлөх бодол буюу 45 хоногийн сургалтаар багш болох нь 
Ideas for Education

Ажлаа өөрчлөх бодол буюу 45 хоногийн сургалтаар багш болох нь 

Боловсролын салбарт өнөөдөр 4200 багш дутагдалтай байна. Дутагдлыг нөхөхийн тулд дээд боловсролтой, 2.7-гоос дээш голч оноотой бол 45 хоногийн сургалтад хамрагдаж, үнэмлэх аваад багшлах боломжтойг салбарын сайд зарлав.

Энэхүү шийдвэрийг гаднаас нь харахад, бид багшийн хомсдолын эсрэг ямар арга хэмжээг авч чадаж байгаа, чадахгүй байгаагаа хамтдаа сайн судалж ойлгох нь чухал санагдлаа. Мөн  багшийн хомсдолыг хэрхэн цогцоор нь шийдэх боломжтой вэ. Багшлах эрх олгох 45 хоногийн сургалт нь асуудлыг шийдэхэд чиглэсэн арга хэмжээ болж чадах уу ? гэдгийг том зургаар нь харъя л даа. 

Багшлах боловсон хүчний хомсдол энэ жид гэнэт үүсчихсэн юм биш. Олон жилийн өмнөөс тулгамдсан салбарын ноцтой асуудал байсаар атал үе үеийн сайд нар энэ талаар ам ангайж, өөр дээрээ гал дуудахыг хүсээгүй бололтой. Энэ удаад Боловсролын шинэ сайд асуудлыг зоригтойгоор ил гарган тавьж, олны анхаарлын төвд оруулж, гарц шийдэл хайсан нь харин ч сайн боллоо гэж үзэж байна.

Мэргэжлийн “Professional” байна гэж юуг хэлэх вэ? Мэргэжлийн “professional” гэдгийг юу гэж ойлгох талаар цэгцлээд үзье.
Салбарынхаа мэдлэг техник ур чадвараар зогсохгүй, эрсдэл, ёс зүйн талуудыг бүрэн харж чаддаг болсон тухайн салбарын туршлага бүхий хүнийг “professional” гэж тодорхойлж болно.
Өөрөөр хэлбэл “мэргэжлийн үнэмлэх” авлаа гээд “мэргэжлийн хүн” боллоо гэсэн үг биш юм. Мэргэжлийн гэдэг нь өөрөө чанар бөгөөд мэргэжлийн түвшинд байгааг бид хаа сайгүй үйлчилгээ авах бүрдээ мэдэрдэг бөгөөд, “мэргэжлийн” гэдэгт нь итгэж үйлчилгээгээ авдаг. Энэ утгаараа бидний амьдарч буй нийгэм бол нэг хүн өөрөө өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах боломжгүй, харилцан нэг нэгнээсээ хараат органик нэгдэл буюу “organic solidarity” юм.

Бие өвдвөл эмчид очно. Гутал ханзарвал өөрөө засах биш гуталчин руу очиж үйлчилгээ авах зэргээр төрөл бүрийн мэргэжлийн байдлаас хамаарч бидний амьдрал оршин тогтнодог.  Харин мал аж ахуй эрхлэгчид, нүүдэлчид бол энэ талаараа өөрийгөө бүрэн хангах боломжтой механик нэгдэл буюу “mechanical solidarity” бөгөөд орчин үеийн нийгэмд нэн ховор болсон нийгмийн хэв шинж мөн.

Бид өнөөдөр шүдний эмчид очиж, түүнд итгээд шүдээ эмчлүүлж байгаа нь тухайн хүний “мэргэжлийн” чанарт итгэж буй хэрэг. Нийгэм итгэлцэл дээр тогтож, илүү их үр бүтээмжтэй байдлыг бий болгох боломжтой юм.  Тэгвэл “мэргэжлийн” байх тухай өнөөг хүртэлх судалгаанаас дүгнэвэл нийтлэг таван шинж чанар байдаг хэмээн судлаач Инасака нэгтгэсэн байна (Hashimoto 2019). Үүнд:

 1. Нийгэмд зайлшгүй хэрэгтэй бөгөөд хамрах хүрээ нь тодорхой тусгай үйл ажиллагаа
2. Өндөр түвшний мэдлэг ур чадвар
3. Мэргэжлийн шийдвэр гаргах чадвар ба мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа
4. Ашигаас илүү үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байх бөгөөд, ажилчдын нэгдлийг үүсгэж мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөр эрхлэлт, түүнээс хэрхэн чөлөөлөх тухай нэгдсэн зохицуулалттай байх
5. Ёс зүйн хэм хэмжээний тухай тогтсон дүрэмтэй байх. Аливаа зүйлийг мэргэжлийн түвшинд байна гэдэгт эдгээр хүчин зүйлс багтаж болно. Харин багш мэргэжлийн тухай авч үзье.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий даяар багш мэргэжил нь хэр зэрэг мэргэжлийн шинж өндөртэй ажил мэргэжил болохыг тодорхойлсон тодорхойлолт байгаагүйгээс болж багш нарын нэр хүнд унаж, багшийн хомсдол нь хурцадмал асуудал болжээ.

Иймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) болон ЮНЕСКО-оос 1966 онд анх удаа багшийн байр суурийн тухай хамтарсан тодорхойлолтыг гаргасан байдаг.  (“Recommendation concerning the Status of Teachers”, 1966).

Үүнд багшийн мэргэжил бол “мэргэжлийн чанар өндөртэй ажил мэргэжил мөн бөгөөд энэхүү мэргэжлийг хүнд хэцүү, урт хугацааны судалгаа сургалтыг даван туулсны эцэст олж авдаг. Үргэлжлүүлэн ажиллахад шаардлагатай мэргэжлийн мэдлэг, тусгай аргазүй ур чадварыг багшаас шаарддаг олон нийтийн чанартай ажил мэргэжил юм. Үүнд сурагчдын боловсрол, сайн сайхан байдлын төлөө багш хувь хүний болон байгууллагын хариуцлага шаардагддаг (Teaching should be regarded as a profession: it is a form of public service which requires of teachers expert knowledge and specialized skills, acquired and maintained through rigorous and continuing study; it also calls for a sense of personal and corporate responsibility for the education and welfare of the pupils in their charge.) хэмээжээ.  2022 оны 10-р сард Олон улсын багш нарын өдрөөр ЮНЕСКО-оос анх удаа дэлхий даяар багшийн хомсдол нь аюулын түвшинд хүрсэн хэмээн зарласан. Энэ үеэр, 2030 он хүртэл  тогтвортой хөгжлийн зорилго 4 – “БОЛОВСРОЛ 2030” буюу хүүхэд бүрд чанартай, бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй олгоход дэлхий даяар нийт  69 сая багш шаардлагатай байгаа тооцооллыг зарлажээ.

Энэ нь буурай хөгжилтэй улс орнуудаар зогсохгүй хөгжингүй улс оронд ч мөн адил ноцтой болоод байгаа тухай мэдэгдсэн байдаг. Япон улс гэхэд 2022 оны байдлаар ерөнхий боловсролын түвшинд нийт 2558 багш, Голландад 9100 бага сургуулийн багш, Францад 4000 багш дутаж байгааг зарласан байна. 

Гадны туршлага: Багшийн хомсдолын эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ?

Багшийн хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд тооны хомсдол, чанарын хомсдол гэсэн хоёр талаас нь харах хэрэгтэй. Тооны хомсдол нь архаг байгаа үед чанарын хомсдолын тухай ярих боломжгүй нь мөн асуудал юм. Багшийн хомсдолын эсрэг арга хэмжээг хоёр талаас авч үзэж, зэрэг системтэйгээр хэрэгжүүлэх нь чухал. Үүнд

Шинээр багшлах боловсон хүчнийг баталгаатай хангах бодлого

  • Жил бүр багш мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудыг бусад салбараас эрт(түрүүлж) ажилд авах
  • Ажилласан туршлагатай хүмүүсийг багшийн ажилд татан ажиллуулах
  • Багш мэргэжилд татагдах чанар (atractive)-ыг нэмэгдүүлэх зэрэг

Одоо байгаа багш нарыг торгоож үлдээх, багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгож, ажлаасаа холдохоос сэргийлэх

  • Багшийн ажлын ажиллах хэв маягийг шинэчлэх
  • Боловсролын DX (digital transformation)-ээр дамжуулан багшийн механик ажлыг хөнгөвчөж, ачааллыг бууруулах
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг илүү баяжуулах
  • Нийгмийн хангамжийг сайжруулах зэрэг

Япон улсын хувьд ийм байдлаар арга хэмжээг хоёр шатанд ангилан, өөрөөр хэлбэл шинэ боловсон хүчин нэмэх, одоо байгаа багш нарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Мөн Япон улсын хувьд багшийн үнэмлэх нь 1)энгийн, 2)тусгай, 3)түр үнэмлэх гэсэн гурван төрөл байдаг.  Тусгай үнэмлэх гэдэг нь тухайн судлагдахууны мэргэжлийн мэдлэг болон туршлагыг хангалттай эзэмшсэн бөгөөд нийгэмд итгэл хүлээсэн, гал эрмэлзлэлээрээ, үзэж харснаараа хангалттай хэмээн үнэлэгдсэн хүнд олгодог үнэмлэх юм. Үүнд багшаар суралцаагүй ч математик, хими, физик, биологи гэм мэт мэргэжлийн өндөр мэдлэгтэй сайн мэргэжилтэн, сайн инженерүүд багтаж болно.  Өнөөдөр манай шинэ боловсролын сайдын яриад байгаа асуудал бол энэ хүрээнд багтаж болох бөгөөд энэ нь одоо багшлаж байгаа багш нарын эрх ашигтай ялгаж бодвол зохистой асуудал юм.

Бельги улсад 2021-2022 онд 4400 хүн ажлаа сольж, өөр салбараас багш мэргэжлийг сонгосон

Харин Бельги улсын хувьд багшийн ажилд өөр салбараас авах бодлого бодит үр дүнгээ өгч байна. 10-аас дээш жил ажилласан туршлагатай бол багш мэргэжил рүү шилжихэд ажилласан жилийн урамшууллаа үргэлжлүүлэн авах боломжтой тогтолцоог бүрдүүлжээ. Мөн шинэ  багш  нарт долоо хоногт гурван цагийн цалинтай чөлөө олгосноор мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Тэр байтугай давхар ажил хэлбэрээр сургуульд багшлах боломжийг нээж өгсөн бөгөөд сүүлийн жилүүдэд өөр салбараас багш болох хүмүүс нэмэгдсээр байна.
2021-2022 онд 4400 хүн өөр салбараас багш мэргэжил рүү ажлаа сольсон бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад бага сургуульд 45 хувь, дунд сургуульд 66 хувь өссөнийг мэдээлжээ.

Харин Их Британид одоо ажиллаж байгаа багш нартайгаа илүү сайн ажиллах тухай бодлого илүү хөгжсөн харагддаг. Багш нарт чиглэсэн Tes Institute- ээс дараах уриалгыг гаргасан  байна.

“Хамгийн үр дүнтэй амархан аргын нэг бол өнөөдрийг хүртэл бий болгож ирсэн сайн багаа, сургууль дотор байхдаа карьераа ахиулах, хөгжих боломжийг нээж өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл хамтарсан, нэгнийгээ дээшээ өсгөдөг орчныг бий болгож, багш нар сургууль дээр карьерын дараагийн шат руу өгсөхөд хэрэгтэй сургалтад хамрагдах нь чухал юм. Карьер ахих гэдэг нь менежер, удирдлага болохыг хэлээгүй бөгөөд багш өөртөө шаардлагатай мэргэжлийн мэдлэг, анги доторх өөртөө итгэлтэй байдлыг олоход чиглэсэн сургалтыг хэлнэ” хэмээжээ.(Эх сурвалж:Global teacher shortage: the rise in job vacancies|Tes Institute

Стэнфордын Боловсролын ахисан түвшний тэнхимийн профессор Линда Дарлинг Хамонд нар “багшийн хомсдолыг даван туулж чадсан улс орнуудын нийтлэг 6 хүчин зүйл”-ийг дараах байдлаар нэрлэсэн байна.

  • Сургуулиуд руу эрх тэгш төсвийн хуваарилалт хийдэг
  • Их сургууль төгссөн хүмүүс бусад ажилд ороод авдаг цалингаас дээд хэмжээний цалин хөлс олгодог
  • Шинээр ажилд орсон багш нар бүгд хамрагдах боломжтой өндөр түвшний бэлтгэл сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг
  • Зөвхөн төгссөн сургуулийн нэр хүнд, тухайн хүний боловсролын намтраар биш, тухайн хүний багш болохыг эрмэлзэж байгаа шийдэл хүсэл эрмэлзлийг харгалзсан ажилд авах үеийн сонгон шалгаруулалт
  • Сургалтанд хамрагдсан ментор багш шинэ багшийг чиглүүлэх тогтолцоо
  • Мэргэжлийн сургалт болон хамтран ажиллахад шаардлагатай тасралтгүй суралцах цаг тусгайлан гаргаж өгөх, түүнд шаардлагатай дэмжлэг

Одоогийн Монгол Улсын хувьд ижил асуудал тулгараад байгаа бөгөөд, багш мэргэжлийг улам их “мэргэжлийн” болгож, багшийг улам өндөр түвшинд бэлтгэж, одоо байгаа багш нараа улам чадавхжуулж, багшийн нэр хүнд, нийгмийн хангамжийг дээшлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд дэлхийн улс орны туулсан замаар л бид явж байна гэсэн үг. Ингэснээр бид хүссэн хэмжээний чанартай боловсон хүч, хүнийг боловсролоор дамжуулан бэлтгэж чаддаг болох юм. Үнэн хэрэгтэй тийм амархан зүйл биш хэдий ч үүнд урт хугацааны бөгөөд богино хугацааны бодлого, арга хэмжээ хэрэгтэй юм. Өнөөдөр шинээр багшлах боловсон хүчнийг хэрхэн багш мэргэжил руу мэргэжлийг нь солиулж татаж авч ирэх вэ гэдэг асуудлыг ярьж байна. Нэмээд багш бэлтгэж байгаа их сургуулиуд шаардлагатай мэргэжлийн ангиудад хангалттай элсэлтийг авч багшын хомсдлыг шийдэх нь чухал. Харин одоо багшлаж байгаа багш нарыг асуудлыг шийдвэрлэх нь өөр түвшний асуудал бөгөөд эдгээрийг хооронд нь хольж хутгах нь утгагүй зүйл болохыг жаахан ч гэсэн тайлбарлахыг хичээлээ. Бид бусад орны туршлагаас суралцаж өөрсдийгөө гаднаас нь харах шаардлага заримдаа байдаг. Мөн өнөөдөр бидний хэрэгжүүлж буй бодлого гол асуудлын аль хэсгийг нь шийдэж, аль хэсгийг нь орхигдуулж  байгааг ч мөн харах боломжтой юм.

Эх сурвалж:

https://www.tes.com/institute/blog/article/global-teacher-shortage-rise-job-vacancies
https://www.ilo.org/sites/default/files/wcmsp5/groups/public/@ed_dialogue/@sector/documents/normativeinstrument/wcms_493315.pdf

Darling-Hammond & Podolsky (2019), p.9, https://www.researchgate.net/publication/332276261_Breaking_the_cycle_of_teacher_shortages_What_kind_of_policies_can_make_a_difference

https://www.mext.go.jp/content/20230320-mxt_kyoikujinzai01-1412985_00004-11.pdf
https://www.mext.go.jp/content/20220128-mxt_kyoikujinzai01-000020293-1.pdf
https://www.mext.go.jp/b_menu/shingi/chukyo/chukyo0/toushin/020202/020202e.htm
https://www.nikkei.com/article/DGKKZO70633890Y3A420C2CM0000/?_gl=1*1f9i0mb*_gcl_au*MjEyMzc5MzI3Ni4xNzI3MDc2NDY3*_ga*MjUzMjYxMzIwLjE3MjcwNzY0Njc.*_ga_PXS8451SBG*MTcyNzA3NjQ2Ny4xLjEuMTcyNzA3NjczNy41Ni4wLjA.

Miho Hashimoto et al ed (2019), Japanese dictionary of teacher education, ISBN 978-4-86359-185-1

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Хүүхдийг “олж харж чаддаг нүдтэй том хүн болох”-д туслах үндсэн мэдлэг ба монтессори боловсрол

Хүүхдийн хийж байгаа зүйлийг хараад, яагаад ийм үйлдэл хийж байна вэ гэдгийг...