Алдарт жүжигчин залуутай кино замналынх нь тухай хийсэн ярилцлага.

Нэр: Леонардо Вилгелм ДиКаприо

Төрсөн он, сар, өдөр: 1974 оны 11 сарын 11

Төрсөн газар: АНУ, Калифорни муж, Лос Анжелес хот

Мэргэжил: Жүжигчин

Ноён ДиКаприо, хааяадаа романтик, инээдмийн кинонд тоглохгүй юм уу?

Би романтик инээдмийн кинонд тоглоход хэзээд бэлэн, гэхдээ зөвхөн тухайн төрлөөр тоглож үзэхийн тулд эсвэл арай өөр төрлийн кинонд тоглох шаардлагатай гэх шалтгаанаар кинонд хэзээ ч тоглохгүй. Энэ бол маш том алдаа. Зохиолыг нь уншиж үзээд “Сэтгэлийг минь татсан кино мөн байна” гэж бодсон үедээ ажиллахаар шийддэг. Нийтэд хэр санагдах, түүхэн өгүүлэмж нь ямар байх, эцсийн дүндээ сайн эсвэл муу болох нь хамаагүй, таалагдсанаа л сонгоно. Ингэхгүй л бол кинотойгоо бүрэн холбогдож чаддаггүй.

Хийж буй кино бүртээ өөрийнхөө чадварыг сорьж шалгах нь таныхувьд хэр чухал вэ?

Дүрээсээ л хамаарна даа. Энэ салбарт дажгүй сайн материал олно гэдэг ихээхэн эрэл хайгуул болдог. Нэг сайн зүйл олбол, хоол руу дайрч байгаа юм шиг бүгд л шавааралддаг. Бүгд л тэр тухай нь оролдож үздэг болохоор сайжирч хөгжих хүртэл нь олон олон жил зарцуулагддаг даа. Зохиолын найруулгад ямар нэг цоорхой байвал, ямар нэг зүйлд хүргээгүй бол, ямар нэг зүйлийг өгүүлээгүй бол тухайн кино дэлгэцэнд гараад амжилт олохгүй.

Таны бүтээж буй дүрүүдийг хараад байхад тэр улайрсан хүмүүсээс өрсөж чаддаг юмаа даа? 

Үүнийг найруулагч л мэднэ. Би ямар ч шийдвэр гаргасан бай эцсийн эцэст найруулагчийн анх бодсон хэв маягаар л явдаг. Тэд л киног бүтээж, хэлбэр дүрсэнд нь оруулж өгдөг хүмүүс. Сайн кино хийж чаддаггүй найруулагч ямарч сайн зохиолыг хог новш болтол нь унагаж мэднэ. Тиймээс үзэл санааг нь би үзэгчдийн бодолд хүргэж чадна гэж итгэсэн найруулагчийг л сонгож хамтардаг.

“Үнэнийг хэлэхэд кино жүжигчин болох нь миний мөрөөдөл байсан. Үргэлж л үүнийг хүссээр ирсэн.”

Та Спиэлберг, Нолан, Ийствүд, Мэндез, Бойл, Камерон, Скорсе нартай хамт ажиллаж байсан. Жагсаалтандаа нэмэхийг хүссэн өөр хүн байгаа юу? 

Хамтармаар байгаа олон найруулагч бий. Пол Томас Андерсонтой ажиллахыг үнэхээр хүсч байна. Алехандро Гонзалес Инарритуг маш авьяаслаг гэж боддог. Ан Лий ч их авьяастай. Их олон хүн бий л дээ. Сайн найруулагчид олон байгаа.

Таны амьдрал кино бүтээх, киног бодож эргэцүүлэхтэй хэр холбоотой вэ?

Маш их байлгүй яахав (инээв). Энэ бүхний гол утга учир нь биш гэж хэлж яасан ч чадахгүй. Үнэнийг хэлэхэд кино жүжигчин болох нь миний мөрөөдөл байсан. Үргэлж л үүнийг хүссээр ирсэн ба одоо л яг өөрийн явах ёстой замаа сонгон явж байна.

Та энэ замаараа нэлээн удаан явсан шүү дээ…

Тийм л дээ. Гэхдээ кино урлагийн салбарт мэндэлж, өссөн ч өөрийн замаар явж чадаагүй олон жүжигчдийг би мэднэ. 30 жилийн дараа өөрөөсөө “Яагаад өөрт байсан бүх боломжийг ашиглаагүй юм бэ? Хамт ажиллаж болох байсан энэ олон хүн, бүтээж болох байсан тэр бүх дүрүүдээ хар л даа. Үүнийхээ төлөө яв” хэмээн асууж байгаагаар төсөөлдөг. Үүнийг л байнга бодож явдаг.

Тэгэхээр та бусад зүйлсээ хойш нь тавьдаг уу?

Үгүй. Ямар ч зүйлийг хүчлэхийг хүсдэггүй юм. Дуртай энэ зүйлээ хийгээд явахад бусад зүйлс аяндаа учир нь олдоод л явдаг.

Тэгэхээр жүжиглэх таны туйлын хүсэл гэдгийг байнга мэддэг байсан уу?

Үнэндээ санадаггүй л дээ. Гэхдээ ээжийнхээ найзуудыг дуурайх дуртай байснаа санадаг. Тэднийг дуурайж, элэглэж тэрүүхэндээ жүжиглэж, ээжийгээ инээлгэж, өвөө эмээгээ баясгадаг байлаа.

Та одоо их тайван харагдаж байна. 

Гэхдээ би их эрч хүчтэй хүн л дээ. Одоо л тайван дөлгөөн болчихсноос биш арай залуу байх үед минь харсан бол ч. Хөөх! Ялангуяа өсвөр насан дээрээ хамт байхад ёстой хэцүү хүн байсан. Ээж минь намайг яаж аргалаад байсныг мэдэхгүй юм. Үргэлж л гүйж, ямар нэг зүйл хийж явдаг байсан. Одоо хамаагүй дөлгөөн болчихсон ч эрч хүч байгаа хэвээрээ шүү.

Энэ бүх эрч хүч чинь барагдаад, огт өөр зүйлд тэмүүлнэ гэж бодож үзсэн үү?

Нэг өдөр болох л байх. Гэхдээ жүжиглэх, кино бүтээх гэдэг миний сэтгэлээсээ хайрладаг ажил. Бага залуу байх үеийн дурсамж, сэтгэхүй өнөөгийн бидний чиг зүгийг зааж өгдөг. Миний хувьд жүжигчин болохыг хүсдэг, аав ээжийгээ дүрийн шалгаруулалтанд дагуулж очихыг шаарддаг байсан. Энэ ажлыг хийснээр цалин авдаг эсэхийг ч мэдэхгүй хэрнээ жүжиглэхийг хүсдэг байлаа. Цалин гэж байдгийг нь мэдмэгцээ “Тиймээ. Энэ л миний хийх зүйл мөн юм байна” гэдгийг ойлгосон. Одоогоор сэтгэл ханачхаад байгаа тул хэсэгхэн зуур юу ч хийхгүй ээ.

Хүүхэд насныхаа мөрөөдөлд хүрсэн гэдгээ мэдрэхийн цагт сонин санагддаг уу?

Хааяахан өнгөрснөө эргэн хараад “Надад тохиолдсон энэ бүхэн үнэхээр гайхалтай. Бага залуу байхаас л тээж ирсэн мөрөөдлөө биелүүлж чадсан байна” гэж өөртөө хэлдэг. Мартин Скорсегийн кинонд жижигхэн дүр бүтээж, нийт дөрвөн удаа түүнтэй хамт ажиллана гэж төсөөлөхчгүй байсан биз. Үнэхээр гайхалтай, гайхамшигтай мэдрэмж шүү. Үүний сацуу донтож эхэлдэг! Тэгэхээр би мөрөөдлөө давж гарсан гэж итгэлтэй хэлж чадна. 

*Энэхүү ярилцлагыг 2011 оны 11 сарын 9-нд хийсэн.

YOUR REACTION?