XX зууны төгсгөл XXI зууны эхэн үеийг загварын салбарын харанхуй эрин хэмээн нэрлэхэд хилсдэхгүй биз ээ. 2010 оноос хойш хувцас загварт “хувьсгал” гарснаар өнөөгийн бидний амьдарч буй загварлаг нийгэм бүрэлдэн тогтсон. Олон нийтийн сүлжээ эд хүчээ авсан энэ цаг үед амьдарч буй бидэнд загварлаг хувцаслах нь тийм ч хүндрэлтэй байхаа больсон. Загвар сонирхдоггүй хүн ч байхаа больж. Магадгүй загварлаг байх нь нэгэн төрлийн шашин шүтлэг мэт болж дэлхийн өнцөг булан бүрд загварын сэтгүүлийг Библи мэт унших болсонтой холбоотой байх.

Гэхдээ загварыг ингэж их чухалчилж үзэх бид хамгийн загварлаг үед амьдарч байна уу? Одоогоос 100 жилийн дараа 2010-д оны загвар хамгийн шилдэг нь байсан гэгдэх үү? Эсвэл бид энэ цаг үед амьдарч байгаа болoхоор загварлаг гэх тодорхойлолтыг эргэн тойрныхоо хүмүүсээр дүгнэж байна уу?

Маш олон хүн 60-д оны загварыг хамгийн шилдэг нь гэдэг. Тэр үеийн загварыг хувцаслалтдаа тусгах залуус ч олон болсон. Магадгүй нэг талаас бидний амьдарч байгаа энэ үе #ThrowBackThursday гэдэг шиг бүх тренд, загварын чиг хандлага өнгөрсөн 80 жилийн хугацаанд гарсан загварын орчин үед хөрвүүлсэн хэлбэр учраас ч тэр юм уу.

Сайхан хувцаслах нь яг л зуршил мэт бидний өдөр тутам өглөө сэрээд нүүрээ угаахтай адил зүйл болжээ. Гудамжинд таарах хэнээс ч асуугаад үз; энэ улирлын онцлох трендийг мэдэж л байгаа. Энэ нь загварын салбар залуучуудын дунд улс төр байдал, эдийн засгийн салбартай энэ тэнцүү чухал болсны илрэл байх. Бидний амьдарч буй нийгэм бид бүхнээс загварлаг хувцаслахыг шаардах болсондоо ч юм уу хүн бүр гадаад үзэмждээ тодорхой хэмжээнд анхаарах болсон. Дэгжин хувцаслах нь хэн нэг хувь хүний хүсэл, сонирхлоос илүүтэй нийгмээс бидэнд үзүүлэх дарамт шахалт мэт болсон. Хүн хархад аятайхан хувцаслаагүй бол дөрвөн зүг, найман зовхисоос хялар, хялар хийх найрсаг бус харц салахгүй дагна. Цаашлаад энэ улиралд гарсан шинэ, онцлох трендийг дагахгүй байх нь нүгэл мэт хүлээн авах болсон нь нийгмээс ирэх шахалт биднийг сэтгэх чадваргүй “робот” шиг л ямар ч бодлогогүй өөрийн хэв маягийг тодорхойлох болсон.

Хүнийг гадаад төрхөөр нь үнэлж, дүгнэх байдал энгийн зүйл болсон өнөөгийн цахим нийгэмд амьдрах нь нэг талаас “маш хэцүү” ч нөгөө талаас бидэнд хязгааргүй олон боломжийн үүд хаалгыг нээсэн. Социал үед уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээнд хаалт хийж байсан хана хэдийн нуран унасан нь бидний чөлөөт сэтгэлгээнд тавих хязгаарыг үгүй хийсэн.

Хотын төвөөр явaхад яг л загварын шоу үзэж буй мэт сэтгэгдэл төрөх нь сайхан ч тэнд байх хүн бүр яг л нэгэн хэвийн, нэг нэгнийгээ дуурайсан мэт. Хэрэв хар кет, хар бариу өмд, савхин хүрэм таныг үнэхээр 100 хувь илэрхийлж чадаж байгаа бол баяр хүргэе. Гэхдээ хариулт тань “үгүй” бол, харамсалтай л байна. 

Бид ямар шалтгааны улмаас ямар ч чиг баримжаагүй нэг нэгнийгээ хуулбарлан оршиж байна вэ? Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж үүний нэг хэсэг хэмээн мэдэрч уусах зорилгоор уу? Сүүлийн жилүүдэд ямарваа нэг тренд хөөхөөс илүүтэй өөрийн гэсэн хэв маяг, имижийг бүрдүүлэх нь ямар ч загварын салбарт нэр нөлөө бүхий хувь хүн, загварын блогеруудын хувьд чухал болж ирсэн. Мэдээж шинэ загвар, чиг баримжааг дагах нь ойлгомжтой. Хамгийн чухал нь үүндээ өөрийгөө илэрхийлэх онцгой элементийг тусгаж өгөх нь жинхэнэ утгаараа “шинэ тренд” гээч нь болсон.

Хувцас, загвар нь өөрөө урлаг болтлоо хөгжсөн боловч харамсалтай нь үүнийг өнөөг хүртэл маш олон хүн хэрэглээ гэх талаас нь харсаар байна. Загварыг мэдэрч үүнийг ойлгох нь хүн бүрд харьцангуй ялгаатай байдаг нь бид өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэх боломжийг олгодог. Загварын салбар бидний дотоод ертөнцийг гадаад ертөнцөд ил гаргах гайхалтай чадвартайн дээр асар хувирамтгай чанартай нь бидэнд өөрийгөө илэрхийлэх хязгааргүй боломжийг бий болгодог. Харин уг боломжийг бид ашиглаж сурах нь шаардлагатай чадваруудын нэг болоод байна.

Хувь хүний загвар хурууны хээний адил ахин давтагдашгүй шинжийг өөртөө агуулдаг нь хүн бүрийн ертөнцийг харах өнцөг ялгаатай байдагтай холбоотой. Загвар гэдэг нь та хэн нэгний таалалд нийцэхэд бус харин толинд харах бүрдээ өөртөө сэтгэл хангалуун байхад тань туслах зорилгоор оршин байдаг. Бүхий л амьдралынхаа турш хэн нэгний ертөнцийг харах цонхоор шагайх гэж оролцож байснаас хүн бүрд өөрийн ертөнцөөс хуваалцах нь хамгийн дэгжин.

YOUR REACTION?