Он цаг өнгөрөхийн эрхээр нэг моод хуучран нөгөө моодоор солигдож байдаг. “Энэ юу гээч нь вэ?” гэмээр стиль болон трендүүд өнгөрсөн зууны загварын түүхэнд харагдах болов ч эдгээрээс суралцах зүйлс маш олон. Эрчүүдийн загварын ертөнц нь бүсгүйчүүдийн загварын түүх, соёлоос дутахааргүй томоохон нэгэн сэдэв болтлоо өргөжин, дэлгэрч орчин үед үүнийг сайжруулж байгаа билээ. Өнөөгийн бидний өмсөж буй хувцас, дагаж буй тренд бий болсон замналыг доорх загварын түүхээс харах боломжтой.

19-р зууны эцэс : Виктория эриний төгсгөл

19-р зууны сүүлчээр эрчүүдийн хувцаслалт Виктория эриний нөлөөллөөс аажим аажмаар гарч байсан юм. Хэдий тийм ч тухайн үеийн бүрх малгай, урт нөмрөг болон халаасны цагийг өдөр тутмын хувцаслалтдаа оруулдаг байлаа. Ингэж хувцаслах нь хэт нямбай мөн баригдмал мэт санагдав ч Жиоржиан үеийн эрчүүдийн загвартай харьцуулахад томоохон өөрчлөлт гаргасан нь мэдэгдэхүйц. Тухайн үеийн залуус өдөн хувцас, эртүүз мөн өндөр өсгийтэй гутлаар гангардаг байхад та өөрийн дэгжин хувцасладаг хэмээн бодсоор л байна уу?

1900 : Өндөр, Урт, Гоолиг

20-р зуун эхлэл 1900 оны эхэн үед эрчүүдийн хувцаслалт голдуу прагматик, ерөнхийдөө донгио байсан. 1890-д оны урт, гоолиг, спортлог хувцаслалтыг үргэлжлүүлэн үүнийг улам хөшингө хэлбэрт оруулан хувцаслаж байсан үе юм. Гурван хэсгээс бүрдэх хослол нь тухайн үеийн хамгийн онцлох төрх. Энэ нь өмд, хүрэм, жилээс бүрдэх ба өнгө дагнах болон эсрэгцүүлэх хэлбэрээр эрчүүд гоёл болж байсан юм. Тухайн үеийн өмд өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ богино загвартай болсон бөгөөд энэ үеэс эхлэн өмдний доод хэсгийг нугалан, эмжиж эхэлсэн.

1920 – Загварын Дэлгэлт

Дайны дараагаар энд тэндгүй бизнес хийж эхэлсэн бөгөөд Америкчууд мөнгөжиж эхэлсэн юм. Мөнгөжиж эхэлсэн гэдэг нь тэд өөр улс, орнууд руу аялах нь элбэг болж соёлын болон гоо сайхны мэдрэмжийн хувьд цар хүрээгээ тэлж эхэлсэн. Тэдний дийлэнх нь Атлантын далайг гатлан Англи болон Франц улсууд руу зүглэсэн. Мэдээж эргэн ирэхдээ тухайн улсууд дахь хамгийн шинэ, соргог загварын хувцаснуудаар дүүрэн тээштэй байсанд гайхах зүйл үгүй байлаа. Удалгүй Америкийн их сургуулийн оюутнууд Оксфорд Их Сургуульд өмсдөг товчтой цамц, мөргүй хүрэм, хорооны зангиа болон өнгөлөг оймсоор гангарч эхэлсэн. Түүнчлэн Уэльсийн хунтайж, Виндзорын гүнтэн эрэгтэйчүүдийн загварын ертөнц дэх хамгийн нэр нөлөө бүхий нэгэн болсон юм. Сонин, сэтгүүлүүдээр хунтайжийг хамгийн анхны олон улсын загварын нүүр царай хэмээн зарлах болсны дээр түүний “төгс” загварын мэдрэмж, хувцаслалт нь алдар цуурайгаа мандуулсан. Тэрээр эрчүүдийн өдөр тутмын хувцаслалтын анхны мөн хууль ёсны тренд үүсгэгч болсон. Үүнээс эхлэн түүхэндээ анх удаа загварын ордууд алдартнуудыг брендийнхээ нүүр царайгаа болгож эхэлсэн ба ичигчгүй хувцаснуудынхаа шошго дээр “Ханхүү үүнийг өмссөн” хэмээн бичиж эхэлсэн.

1930 : Хээнцэр байдлын оргил

1930-д онд дундаж орлоготой эрчүүд дэлхийн загвартай хөл нийлүүлэн алхахад хүндхэн цаг хугацаа байсан юм. Гэвч тэдний олонх нь шинэ загвартай мөр зэрэгцэж чадахуйц бүлгийнхнийг харж, нүдээ баясгаж байлаа. Силвер Скрийний үеийн Холливүүдийн уран бүтээлүүд ажилчин ангийн эрчүүдийн хувьд хүсэл, найдвар нь болсон. 

Эр, эмгүй Фред Астаир, Кларк Габел, Кари Грант болон Гари Күүпер зэрэг элегант хувцасладаг одуудыг харан биширдэг байсан. 1930д он гэхэд Америкчуудын загварын мэдрэмж хэзээ ч хүрч байгаагүй тэрхүү оргилдоо хүрсэн нь Европын аль ч улсын загвартай өрсөлдөхүйц болсон юм. Эрчүүд өөрсдийн өмсөж буй хувцас нь тэдний биеийн хэлбэрийн нуух зорилготой байх ёсгүй гэдгийг ухаарч өөрсдийн галбирыг харуулхуйц маягаар хувцаслаж эхэлсэн. Улмаар хувцас бие хоёр нэгэн цогц болж ирсэн. Тэд хувцаслалт гэдэг нь таныг бусдад илэрхийлэх мөн тэднээс ялгарахад туслах нэгэн томоохон урлаг гэдгийг ойлгож ирсэн нь тэдний хувцас, загварын ертөнцийн эхлэл болсон.

1940 : Бэлэн xувцасны эхлэл

Дэлхийн 2-р дайн төгсгөл болсон энэ цаг үед эрчүүд 1930-д онд аль хэдийн дээд зэрэглэлийн загвар гэж чухамхүү юу болох мөн түүний үндсэн элементүүдэд суралцсан байлаа. Зангиа, хослол эрчүүдийн өдөр тутмын хувцасны сонголт болж эхэлсэн. Энэ нь оёдолчид хослол урлах ханшаа нэмэгдүүлэхэд хүрсэн. Хүн бүр хослол хийлгэх мөнгөгүй байсан энэ үед өнөөгийн загварын ордууд массын бүтээгдэхүүн буюу бэлэн хувцас үйлдвэрлэж эхэлсэн. Бэлэн хувцас худалдаанд гаргах нь маш олон давуу талтай ч мөн үүнийгээ дагаад сөрөг талууд байсан юм. Хэдийгээр дэлгүүрээс худалдаж авах боломжтой уг хослолууд нь үнийн тал дээр оёдолчноор оёулснаас хэд дахин хямд байсан ч загварын тал дээр сонголт тун цөөн байсан. Удалгүй хотын гудамжаар ижил хослол өмсөх залуусын тоо нэмэгдсэнд бэлэн хувцас үйлдвэрлэгчдийн анхаарлыг татахгүй байхын аргагүй байлаа. Тэд жил бүр эсвэл улирал бүр үйлдвэрлэж буй хувцасныхаа загварыг өөрчилж олон төрлийн сонголтуудыг бий болгох хэрэгтэйг ухаарсан нь өнөөгийн тренд гэх ойлголтыг бий болгож ирсэн гэхэд буруудахгүй байх.

1950: Дагагчдын Цуваа

1950-д эрчүүд том дөрвөлжин хүрэм, Оксфорд цамц, реп зангиа болон арьсан гутал түлхүү өмсдөг байсан. Учир нь тухайн үед Ivy League-н төрх нь эрчүүдийн загварын ертөнцийг ноёрхож байсан юм. Мөн энэ цаг үед тааруухан хийгдсэн бэлэн хувцаснууд маш эрэлттэй байсан нь ухаалаг, ажил хэрэгч харагдахыг хүссэн залуусын цуваа тасралтгүй гарч ирж байсантай холбоотой. Түүнчлэн 1950-д онд нилон болон хиймэл торгон материалууд бий болсон. Ингэснээр хямдхан материалаар орон тооны хувцас үйлдвэрлэх боломжийг бий болгож өгсөн ба “илүү чанартай мөн угаахад хялбар” гэх зэргээр хувцаснуудаа сурталчилдаг байсан нь худалдан авалтын хэмжээг өсгөхөд хүргэсэн. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр материалуудаар эрчүүдийн хувцас урлахад нэн тохиромжгүй байсан бөгөөд нийлэг материалаар хийгдсэн хүрэм нь тухайн цаг үеийн хамгийн аймшигтай хувцаст тооцогддог байна.

Гоо сайхны хувьд 1950-д онд хуучинсаг, саарал өнгийн хүрэм болоод малгай, халаасны алчуур гэх мэт минималист төрлийн гоёл чимэглэл эрчүүдийн дунд түгээмэл байсан.

1960: Эсэргүүцэл, Бие Даасан Байдал

1960-д оны эрчүүдийн загвар нь 1950 онд бий болсон хуучинсаг, классик дүр төрхийн эсрэг зүгт чиглэлтэй байлаа. Тухайн үеийн залуусын хувцаслалт тэдний зан чанар, хүсэл эрмэлзэл дээр түлхүү суурилсан байсан. Хувцас үйлдвэрлэлийн зах зээл эдгээр залуусыг анзаарч эхэлснээр дэлгүүрүүдэд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их хэмжээний, өргөн сонголт бүхий хувцасны төрлүүд худалдаалагдаж эхэлсэн. Улмаар 1930-д онд сууриа тавьсан элегант, боловсон дүр төрх нь 1960-д онд аажим аажмаар үгүй болж эхэлсэн.

1970: Disco Funk

1960-д оны эцэс 1970-д оны эхэн үеэс хиппи загвар эрчүүдийн загварын ертөнцөд тэргүүн байр суурийг эзэлсэн. Өндөр суудалтай жинс, уусалттай цамц, урт гинж, банда болон даавуун бугуйвч эрчүүдийн гоёл болж эхэлсэн. Мөн тухайн үед эрчүүдийн гурван хэсгээс бүрдэх хослол ихээхэн дэлгэрсэн. Өргөн ханцуйтай хослол, өндөр суудалтай трапец өмд болон богино жилетээс бүрдэх уг хослолыг хүзүүний алчууртай ихээхэн хослуулан өмсөх болсон ба цамцны зах улам өнөөгийн бидний нэрлэж заншсанаар диско фанк хэлбэрт шилжсэн.

1980s: Хүчирхэгжилт

1980-д онд өмнөх жилүүдийг бодвол хамаагүй нухацтай болж өргөн зангиа, мөрөвч хэрэглэх болсон. Тод өнгө, график хээ ид модонд орсон бөгөөд тухайн үеийн бизнесменүүд уг трендийг авч өөртөө итгэх итгэл болон хүч чадлыг олж авсан юм.

1990: Хэлэхгэр, Өдөр тутмын Бизнес Хувцаслалт

Энэ 10 жил 1970д оноос гаднах эрчүүдийн загварын ертөнц дэх хамгийн гамшгийн жилүүд гэж хэлэхэд бараг л болох байх. 1990-д оноос эхлэн эрчүүдийн дунд шивээс болон пийрсинг дэлгэрч эхэлсэн. Хувцаслалтын талд нимгэн цамц, томдсон жинс болон малгайтай цамц өмсдөг байлаа. Business Casual залуусын дунд дэлгэрч эхэлсэн нь ажил хэрэгч, гоёмсог хувцаслалтыг хэсэг хугацаанд халхад хүргэж улмаар томдсон, үзэмжгүй хослолтой эрчүүд ажлын байруудаар дүүрэхэд нөлөөлсөн.

2000: Хип Хоп, Европ Эсгүүр

Шинэ зууны эхлэлээр залуусын дунд хип-хоп стиль хамгийн түгээмэл байсан бол хижээл насны эрчүүд эргэн Европ маягийн нарийн загварын хослол өмсөж эхэлсэн. Аз болж томдсон хослолын эриний төгсгөл ирсэн. Тухайн үед нарийн загварын хүрмийг дэлгүүр дэх лангуунуудаас олоход тийм ч амар байгаагүй ба зарим худалдааны төвүүд дээр том эсгүүртэй хослол худалдаалсаар байсан. 20-р зуунаас эхлэн интернет хүчээ авч эхэлсэн нь эрчүүдэд хувцас, загварын тал дээрх ойлголт, мэдлэгээ өргөжүүлэхэд хамгийн том туслалцаа болсон юм. Төд удалгүй 2009 оноос эхлэн интернетэд загварын блогчид гарч ирсэн нь бүхнийг хялбарчилж өгсөн.

2010: Онлайн хувцаслалтын эхлэл

2010 он эхэлснээр загварын ертөнцөд шинэ хувьсал гарсан юм. Хаа саагүй загварын блогчид гарч ирсэн нь олны анхаарлыг ихээр татсан. Загварын ертөнц тэр чигтээ зүгээр л жирийн хүмүүсийн гарт орж улмаар тэдгээр нь шинэ стиль, тренд үүсгэж эдгээрийн талаарх санаа бодлоо олон нийттэй хуваалцаж эхэлсэн. Хүн бүр бие биенээсээ онцгойрч харагдах хүсэл, эрмэлзэл нь нэмэгдэж ирсэн. Үүнээс гаралтай Peacocking гэх нэр томъё үүссэн нь хэт их хичээн хувцаслагчдыг ингэж нэрлэх болсон. Онлайнаар худалдан авалт өмнө байгаагүйгээрээ түгээмэл болсноор эрчүүдэд гэртээ сууж байгаад л дэлхийн бүх брендүүдийн хувцсыг захиалан өмсөх боломжийг олгож эхэлсэн.

 

Эцэст нь хэлэхэд ирээдүйд эрчүүдийн загварын ертөнцөд 1930-д оны элегант дүр төрх эргэн ирэх хэрэгтэй бөгөөд мэдээж орчин үеийн өнгө төрхийг шингээсэн байх шаардлагатай юм. Мөн энэ цаг үе нь бид өөрсдийн зан араншин, өдөр тутмын амьдрал болон биеийн хэлбэр дээрээ суурилан ямар төрлийн загвар, стиль тохирох вэ гэдгийг тодорхойлж чадахуйц болсон үе билээ. Гэвч хувцаслалтын гол түлхүүр нь сайн чанарын хувцас өмсөхөд оршино. Тоо хэмжээнээс илүүтэй чанар, чансаа чухал байдаг. Танд хэдэн төрлийн, хэчнээн хувцас байгаадаа гол нь биш харин хир сайн чанарын хувцас өмсөж байгаа нь чухал билээ.

YOUR REACTION?