Оросын улаан хувьсгалчид II Николай хааны цэргүүдэд дийлдэж Ленин цаазаар авахуулав, Дэлхийн 2-р дайн Германы ялалтаар төгсөв. Нэг л чихэнд дасахгүй байгаа биз? Бидний амьдран буй энэ ертөнц нь эрт цагт болоод ойрын жилүүдэд амьдарч байсан хэн нэгний амжилт бүтээл, бүтэлгүйтэл доройтлын үр дүн. Гагцхүү тэдгээр алдаа оноогоор дүүрэн цаг үеийг "түүх" хэмээх аж. Энэ удаагийн нийтлэлээ "Дэлхийн түүхийг өөрчлөх "шахсан" эрхмүүд - 1"-ийн үргэлжлэл болгон хүргэж байна.

Вернер Хайзенберг

Вернер Хайзенберг Нацист Германыг дэлхийн 2-р дайнд ялуулах "шахсан"

Вернер Хайзенберг нь дэлхийн 2-р дайны үед атомын бөмбөг бүтээх төсөл дээр ажиллаж байсан Германы эрдэмтэн юм. 1941 онд Гитлерийн цөмийн бөмбөг үйлдвэрлэх багийн ахлагчаар томилогдож атомын бөмбөг хийх тушаал авсан байна. 2-р дайны үед долоо хоног бүрийн лхагва гаригт Адольф Гитлер батлан хамгаалах салбарын төсөл хариуцсан эрдэмтэдтэй уулзаж, хүсэлтүүдтэй нь танилцдаг байв. 

6 сараас илүү хугацаа шаардлагатай, мөнгө санхүү ихээр зарцуулах төслийг Адольф Гитлер зөвшөөрдөггүй байлаа. Хайзенберг үүнийг нь мэдэж байсан ч "онолын хувьд атомын бөмбөг хийх боломжтой!", уг төсөлд олон жил шаардлагатайгаас гадна олон тэрбумын хөрөнгө орно гэдгийг ч илэн далангүй илтгэсэн гэдэг.

Дээрх болоод бусад шалтгаануудын улмаас 1942 онд цөмийн зэвсэг бүтээх төсөл хаагдав. Вернерийн энх тайванч үзэл, хувь хүний ёс зүй нь үүнд нөлөөлсөн ч байж болох юм. Тэрээр ямар нэг тодорхой шалтгаангүйгээр өөрийн бэлэн болгосон цөмийн тогоо хийх хар зургийг Данийн нийслэл Копенгагенд илтгэл тавихдаа Нийлс Боорт(Данийн физикч) дамжуулж өгсөн нь хачирхалтай. Түүний бүтээсэн хар зургийг хожим нь АНУ-ын Манхэттен төсөлд ашигласан байдаг.

Иосиф Сталин

Иосиф Сталин Дэлхийн 3-р дайныг эхлүүлэх "шахсан".

1942 он. Дэлхийн Хоёрдугаар дайнд АНУ, Их Британи албан ёсоор ЗХУ-тай холбоотон болсон байсан ч "новширч", өөрсдийн өвөрмөц тоглолтоо эхлүүлсэн юм. ЗХУ Нацист Герман руу давшилтаа эхлүүлж, баруун талаас нь АНУ болон Их Британиас II фронтоо нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад ерөнхий сайд У.Черчилл, ерөнхийлөгч Франклин Рузвельт эрс татгалзаж байв. 

"If we see that Germany is winning we ought to help Russia and if Russia is winning we ought to help Germany, and that way let them kill as many as possible....," ~ Harry S. Truman ("New York Times", 24.06.1941)". 

(Хэрэв Германууд  давамгайлаад эхэлбэл Оросуудад туслах хэрэгтэй, эсвэл Оросууд дийлээд эхэлбэл Германчуудад туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ хядацгааж л байг ~ АНУ-ийн Дэд ерөнхийлөгч Харри С. Трүмэн Нью Иорк Таймс сонин 1941оны 6-р сарын 24)

Дайны дараа ч "холбоотнууд"-ын хүйтэн хөндий харилцаа үргэлжилсээр 1950-иад оны Солонгосын дайныг хүртэл үргэлжлэв. Социалист орнуудаас шинээр боссон БНХАУлсын дарга Мао Зэдун(Иосиф Сталин-ы хүсэлтээр), хөрөнгөтний зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудаас АНУ "Солонгосын дайн"-д оролцож эхлэв. Энэ хооронд Иосиф Сталин "Их Дайн"-д бэлтгэж суусан юм. Солонгосын дайн 1953 оныг хүртэл буюу Иосиф Сталинг нас барах хүртэл үргэлжилсэн байдаг. 

Хэрвээ Иосиф Сталин нас бараагүй байсан яах байсан бол? Мэдээж дэлхийн 3-р дайн гарах байсан. Хожим нь түүний орыг залгамжилсан ЗХУ-ын ерөнхий сайд Никита Хрущёв БНХАУ-ын дарга Мао Зэдун-тай "Их дайн"-ы тухай ярилцсан байдаг.

Исороку Ямамото

Исороку Ямамото Дэлхийн 2-р дайны үр дүнг өөрчлөх "шахсан"

Их Наран Улсын тэнгисийн цэргийн адмирал, флотын командлагч Исороку Ямамото нь АНУ-руу довтлохын эсрэг үзэлтэн байлаа. Ямамото АНУ-ийг бүрэн эзлэх боломжгүй, харин баруун эргийн бүс, Сан Франциско хүртэл эзлэх боломжтой ч 6 сараас удаан хугацаанд тогтоон барьж дийлэх эсэхдээ эргэлзэж байсан гэдэг. 

Тэрээр Наран Улсын цэргийн дээд удирдлагуудад "Төв ази болон Оросод явуулах цэрэг дайны үйл ажиллагаагаа түргэвчилж, нойрсож буй араатанг/АНУ/ сэрээхгүйгээр дайныг дуусгах хэрэгтэй" гэсэн утга бүхий мэдэгдэл хийж сануулсаар байсан юм. Тухайн үеийн Наран Улсын цэргийн хүчин чадал нь 6 сарын дотор Төв Азийг эзэлж, Монголын зүүн хил орчмоор байрлах Транс-Сибирийн галт тэрэгний замыг өөрсдийн болгон ЗХУ-г зүүн талаас нь "хэмлэх" боломжтой байлаа.

Дэлхийн 2-р дайн Германы ялалтаар төгссөн бол түүх хэрхэн эргэж болох байсан бэ? Хамаг дэлхий харанхуй үерүү хөтлөгдөх байв уу? Хөгжлийн гайхамшигт хүрэх байв уу? Хэн мэдэхэв. Төсөөлөхөд бэрх юм.

Холбоотой уран зохиол: Зохиолч Philip K. Dick-ийн The Man in the High Castle номонд "өөр ертөнц"-ийн түүхийн талаар өгүүлсэн байдаг. Энэхүү зохиолоор цуврал кино ч хийгдсэн. Миний зүгээс таныг заавал үзэж сонирхоорой гэж зөвлөх байна.  

Нийтлэлийн нүүр зураг - The Man in the High Castle кино цувралын постер

Дэлхийн түүхийг өөрчлөх "шахсан" эрхмүүд 1

YOUR REACTION?