Трапец өмдөөр гангарах 21 настай эрийг дэлхийн хамгийн залуу кутюр дизайнер хэмээн шуурдаг ба хэн нэгний загварын түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлж цэгнэх юм бол эхний гуравт бичигдэх авьяаслаг нэгэн яахын аргагүй Yves Saint-Laurent билээ.

Yves Henri Donat Mathieu-Saint-Laurent буюу Yves Saint-Laurent гэх нэрээрээ алдартай тэрээр Францын чинээлэг айлд өсөж торнисон. Залуу насандаа авьяас билгээ нээсэн Yves 1953 онд 17 насандаа залуу загвар зохион бүтээгчдийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлснээр загварын ертөнцөд анх хөл тавьсан. Тухайн үеийн Францын Vogue сэтгүүлийн эрхлэгч Michel de Brunhoff, Yves-ийн авьяасыг олж харан түүнийг Christian Dior-тай танилцуулснаар Yves нь Dior-ын шилтгээнд туслах ажилтнаар ажиллах болсон. Christian Dior таалал төгссөний дараагаар 21 насандаа Yves түүний залгамж халаагаар тодорч ахлах дизайнерын суудал суусан. 21 настай, идэр залуу, хийж бүтээхийн онгодоор дүүрсэн тэрээр богино хугацааны дотор Dior-ийн уламжлалт элегант стилийг ер бусын онцгой, өвөрмөц хэв маягтай хослуулан, өмсөхөд илүү хялбар, тохиромжтой, амьдралд ойр болгон хөгжүүлсэн билээ.

XX зууны хагаст загварын ертөнцөд хамгийн их хувь нэмэр оруулсан Yves, Dior-т ажиллах хугацаандаа нийт 6 коллекц гаргасан. 1958 оны хаврын “Трапец-Даашинз” урласан коллекц тухайн үед хямралд өртөөд байсан Dior-ийн шилтгээнийг эдийн засгийн хүндрэлээс аварч чадсан. Илүү зөөлөн чиг, байдлыг харуулсан шинэ Dior-ийн загвар түүнийг алдар нэрд хүргэсэн ба тус онд нэрээ одоогийн Saint-Laurent болгон богиносгосон. (Mathieu-Saint-Laurent гэх гурван нэрийг дуудахад төвөгтэй байсан учраас)

Yves-ийн ээлжит 1958 оны намрын коллекцид багтах нарийн урт банзал нь өнгөрсөн улиралтай харьцуулахад мэргэжилтнүүдэд төдийлөн сайшаагдаагүй. Харин түүний Dior-т байхдаа бүтээсэн сүүлчийн коллекцид багтах хуниастай дэрвэгэр банзал, хоолойтой цамц, biker хүрэм, тансаг даавуун хувцаснууд тухайн үеийн ядарч, зүдэрсэн, урам нь хугарсан дизайнеруудад шинэ эрч хүч, урам зориг өгсөн гэгддэг.

1960 онд Yves Алжирын тусгаар тогтнолын төлөөх дайнд Францын армид дуудагдсан ба түүнийг эзгүй хооронд ахлах дезайнерийн байр суурийг хэдийн Marc Bohan-д шилжүүлсэн байв. Үүнийг мэдсэн Yves ихэд хилэгнэн гэрээт хугацаа нь дуусахаас өмнө орлох хүн авсантай нь холбогдуулан Dior-ийн эсрэг шүүхэд заргалдан ялалт байгуулж улмаар нөхөн төлбөр 48,000 фунт түүнд олгогдсон ба уг мөнгийг ашиглан өөрийн салоныг үүсгэн байгуулсан.

1960-аад оны үед эмэгтэйчүүд өмд өмсдөггүй байсан ба үүнийг өмсье гэх бодол ч тэдэнд байгаагүй. Хэдий тийм ч энэхүү эрх чөлөө, биеэ даасан байдлыг илтгэх хувцсыг эмэгтэйчүүдэд анх өмсгөсөн хүн бол Yves Saint-Laurent. Тэрээр эмэгтэйчүүдийн загварт эрэгтэй өнгө аясыг нэмснээрээ загварын ертөнцөд шинэ хуудас нээж чадсан.

1966 онд Le Smoking гэх эмэгтэйчүүдийн тукседо (хослол) гаргасан нь загварын ертөнцөд олны анхаарлыг ихээхэн татсан ба уг androgynous хэв маягийг харуулах шинэ урсгалын загвар эмэгтэйчүүдэд хүч чадал өгсөн гэлцдэг. Эрэгтэй хүмүүст зориулж урласан энэ хувцсыг эмэгтэй хүнд өмсгөснөөрөө Yves Saint-Laurent нь ганц загварын ч биш мөн эмэгтэйчүүдийн ертөнцөд өөрчлөлт авчирсан.

Тэрээр хувцаснуудаа маш гайхалтай, сайн чанарын хийцтэй урладаг байсан бөгөөд бага зэргийн театрчилсан хэв маяг нэмж өгдөг нь бусдын анхаарлыг хялбархан татах увдистай байсан юм. Түүний алдар цуутай жар болон далаад оны загварууд орчин үеийн залуусын хэв маягт одоог хүртэл нөлөөлсөөр байна.

~~Шанель эмэгтэй хүний биеийн эрх чөлөөг авчирсан бол Yves Saint-Laurent эрэгтэй хүний хувцсыг эмэгтэйчүүдэд өмсүүлснээрээ тэднийг хүчирхэг болгосон юм~~ Pierre Bergé

Yves Saint-Laurent нь хамгийн анх хар арьст моделиудыг загварын шоундаа алхуулсан дизайнер ба ази болон номхон далайн эргийн загвар өмсөгчидтэй анх хамтарч ажилласан хүмүүсийн нэг.

Yves эрэгтэйчүүдэд зориулан гаргасан анхны YSL брендийнхээ 'Pour Homme' “Эрчүүдэд” гэх үнэртний сурталчилгаанд өөрийн нүцгэн зургаа гаргасан байдаг. Тэрээр “Эмэгтэй моделиуд сурталчилгааны зураг авалтад зориулж нүцгэлж байхад яагаад эрэгтэй моделиуд бас тэгж болохгүй гэж?” хэмээн хэлсэн байдаг.

Saint-Laurent өөрийн карерын оргил үед Braque, Picasso болон Mondrian зэрэг уран зураачдын бүтээлүүдээс санаа авч нүд булаам гайхалтай бүтээлүүдийг урлаж эхэлсэн. Түүний 1971 онд бүтээсэн 40-өөд оны нугалаастай, дөрвөлжин мөртэй силуэт тухайн цаг үеийн эмэгтэйчүүдийн хувцаслалтыг байлдан дагуулж чадсан.

Түүний үйлчлүүлэгчид болон охин тэнгэрүүд нь Loulou de la Falaise, Парисын цуутай дээдэс Marie-Hélène de Rothschild болон Францын алдарт жүжигчин Catherine Deneuve зэрэг язгууртан бүсгүйчүүд байсан юм. 1983 онд Yves Метрополитан Урлагийн Музейгээс шагнал авсан хамгийн анхны “амьд” уран бүтээлчээр тодорсон.

1960, 1970-аад онд Yves Saint-Laurent-ийг Парисын “jet set”-н (олон улсын баячуудын бүлгэм) нэгд тооцогддог байсан. Тэрээр Régine's болон Studio 54 гэхчлэн Парис, Нью Йоркийн клубүүдээр ихээхэн харагдах болсон ба түүний архи ихээр уудаг мөн кокейн байнга хэрэглэдэг нь олон нийтэд ил байсан юм.

1990-д оны үеэс Yves-ийн бүтээсэн загваруудад ямар ч шинэ, содон санаа байгаагүй ба өмнө нь зохиож байсан загваруудын өөр хувилбарууд л байсан юм. 1998 онд өөрийн бэлэн хувцасны шилтгээнээ Gucci Group-т худалдаалснаар зөвхөн кьютюр хувцасны шилтгээнтэйгээ л үлдсэн.

Yves архи болон хар тамхинд хүчтэйгээр донтож эхэлснээр загварын шоуны эцэст алхах ч чадалгүй болтлоо мансуурлын байдалтай байх болсон нь загварын шоуны төгсгөлд моделиуд түүнийг алхахад туслахад хүргэсэн. Түүний урт хугацааны хамтрагч Pierre Bergé хэлэхдээ “Xэдийгээр түүнд гайхалтай загварууд байдаг байсан ч Yves үнэхээр аз жаргалгүй нэгэн байсан” хэмээн New York Times сэтгүүлийн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн Yves-ийг “manic depressive” хэмээн нэрлэснээ тайлбарлахдаа “Зарим үед Yves галзуу зүйлсийг маш их баяр хөөртэй хийж байгаад маргааш өдөр нь харанхуй, бараан нэгэн болж хувирдаг” гэсэн байдаг. 

“Таны хайртай нэгэн архи, мансууруулагч бодис хэрэглэгч байхад та хоёрын харилцаа асуудлаар дүүрэн байхаас ч өөр яах билээ?” Pierre Bergé

Pierre Bergé Yves Saint-Laurent-тай 1958 онд анх танилцан улмаар хайр сэтгэлийн холбоотой болсон. 1961 онд Yves Saint-Laurent couture ордноо Dior-оос гарсныхаа дараагаар Pierre-тэй хамтран нээсэн. 1976 хосууд харилцан ярилцсаны эцэст хоёр тийш болсон ч бизнесийн хамтрагчид хэвээр үлдсэн ч Yves таалал төгсөхөөс хэдхэн хоногийн өмнө Bergé түүнтэй сүй тавьсан юм.

2002 оны 1-р сарын 7нд Yves Saint-Laurent загварын ертөнцийг орхиж байгаа талаараа мэдэгдэл хийсэн ба энэхүү мэдэгдэлдээ “Би дэлхий даяар тукседо хослол, трапец өмд мөн biker хүрэм өмсөх эмэгтэйчүүдээр бахархаж байна” гэсэн ба “Би орчин үеийн эмэгтэйчүүдийн хувцсыг бүтээсэн” хэмээсэн.

Түүний карерийн төгсгөл хүртэлх урианы талаар асуухад “Хамгийн гол нь үргэлжлүүлэх” гэж David Teboul-ийн найруулсан “Yves Saint-Laurent : Түүний амьдрал, цаг хугацаа” баримтат кинонд дурдсан байдаг.

Харамсалтай нь энэ мэдэгдлээс хойш 6 жилийн дараагаар 2008 оны 6 сарын 1-нд, 71 насандаа Yves Saint-Laurent тархины хорт хавдрын улмаар хорвоогоос хальсан. Түүний хүндэтгэлийн ёслол дээр Францын ерөнхийлөгч асан Nicola Sarkozy “Yves Saint-Laurent бүх эрчүүд болон эмэгтэйчүүдэд гоо сайхан нь хэрэгцээт тансаг зүйл гэдгийг мэдрүүлсэн” гэсэн байдаг.

 

2014 оны нэгдүгээр сард Yves Saint-Laurent-ы амьдралын талаарх кино Францын кино театруудаар нээлтээ хийсэн ба тус кинонд Yves болон түүний олон жилийн хамтрагч, хамтран ажиллагч Pierre Bergé хоёрын хайр сэтгэлийн талаар голчлон харуулдаг.

“Yves Saint-Laurent” гэх түүний нэрээр нэрлэгдсэн уг киноны найруулагчаар Jalil Lespert ажилласан ба тэрээр "Pierre, Yves хоёр маш хурдан хугацаанд амжилтад хүрч чадсан" хэмээн дурдсан. Тансаг, кутюр загвараас үйлдвэрийн өмсөхөд бэлэн хувцасны загвар руу шилжсэнээр тэд маш их хэмжээний мөнгө олсон.

Заримдаа ямар нэгэн зүйлийн оргилд хүрэх үед юмс өөрчлөгдөн чиний амьдралыг гэх хүсэл буурдаг. Yves үүнийг мэдэрсэн анхны хүн байгаагүй.

Магадгүй идэр залуу насандаа амжилтын амтыг мэдэрсэн Yves-д амьдрал сонирхолгүй санагдаж эхэлсэн байх. Хүрэхийг хүссэн зүйлдээ хүрч чадсан түүнд нэмж хүсэх зүйл үлдээгүй болов уу.

Одоог хүртэл Yves Saint-Laurent-ы суу билэг хүмүүсийн дунд яригдсаар байдаг. Yves-ийн яруу алдар цуурайтаж байх үеэс ч илүүтэйгээр түүний загварын цэвэр элементүүдийг өнөө үед анзаарах хүмүүсийн тоо олширсонтой маргахын аргагүй.

YOUR REACTION?