20-р зууны эхэн үед Томас Эдисон манай гариг дээрх хамгийн алдартай зохион бүтээгч хэмээгдэж байлаа. Тэрээр бидний өдөр тутам хэрэглэдэг гэрлийн чийдэнг бүтээж харанхуйг эзэрхийлсэн мөчөөс "Цахилгааны эрин үе" эхэлсэн юм. Хүн бүр гэртээ цахилгаантай болох боломж нээгдэж, дэнгийн оронд аюул багатай хямд төсөр гэрэл хэрэглэж эхлэв. Гагцхүү энэ цаг үеэс Серби гаралтай зохион бүтээгч "Барууны Шидтэн" Никола Тесла, "Менло Паркийн шидтэн" алдарт Томас Эдисон нарын зам огтлолцох эхлэл тавигдсан юм.

Цахилгаан гүйдлийн дайн хэрхэн эхлэв?

1879 он. Томас Эдисон тогтвортой ажиллах боломжтой гэрлийн чийдэнг "бүтээв". Гэрлийн чийдэн нь тосон дэнг бодвол хямд төсөр, аюул багатай байснаас гадна байн байн тосоор цэнэглэж "тордох" шаардлагагүй байсан юм. Гэвч цахилгаан гэрлийн үүсэл нь "Цахилгааны эрин үе"-ийн хувьд ердөө эхлэл нь байлаа. Хүн бүр гэртээ, ажил дээрээ гэрэлтэй байхын тулд цахилгаан үйлдвэрлэх станц, түүнийг дамжуулах шугам хэрэгтэй байх нь тодорхой. Мэдээж хэрэг цахилгааны хэрэглээ нь дан ганц гэрлээр хязгаарлагдахгүй юм.

Pearl Street Station (1882)

1882 он. Нью Иорк хотын Манхэттен дүүргийн Пеарл гудамжинд дэлхийн хамгийн анхны дулааны цахилгаан станц байгуулагдав. Pearl Street Station станц нь 100 киловаттийн цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий хүчирхэг технологиор тоноглогдсон байсан ч ойрын 0,8км зайд л цахилгаан түгээх боломжтой байсан байна. Энэ нь тогтмол гүйдлээр цахилгаан дамжуулдаг байсантай холбоотой юм. Тогтмол гүйдэл нь хувьсах гүйдлийн бодвол аюул багатай, хянах боломжтой хэдий ч нарийн утас ашиглан хол зайд хүрэх боломжгүй байв.

Nikola Tesla

1884 он. Никола Тесла хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн туршилтын загвараа өвөртлөн АНУ-г зорив. Тесла бараг ирсэн даруйдаа л Эдисоны лабораторид ажиллаж эхэлсэн юм. Томас Эдисон шинэ ажилтнууддаа хэцүү, бараг боломжгүй даалгавар өгч сорих дуртай нэгэн байв. Никола Тесла өгсөн үүрэг даалгаврыг чадварлаг, бүтээлчээр шйидэж чаддаг байсан тул Томас Эдисон түүнийг ихэд үнэлдэг байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

1885 он. Никола Тесла хувьсах гүйдлын хөдөлгүүрээ Томас Эдисонд танилцуулав. Томас уг саналыг огт хүлээж аваагүй юм. Учир нь тэрээр хувьсах гүйдлийг бий болгох баттай эх сурвалжийг бий болгох нь бараг боломжгүй, хэрэглээнд нэвтрүүлэхэд хэтэрхий аюултай гэж үздэг байсан байна. Харин үүний оронд одоо байгаа тогтмол гүйдлийн хөдөлгүүрийг сайжруулж чадвал 50000$ өгье гэж амласан байна. Никола Тесла ч уг хүсэлтийг хурдхан биелүүлээд амласан шагналаа нэхэхэд нь Томас Эдисон "Чи Америк маягийн хошигнол ойлгодоггүй хүн юм, Тесла!" хэмээсэн гэдэг. 

Нэгэнтээ хүндэлж биширдэг байсан зохион бүтээгч Томас Эдисоны гаргасан үйлдэлд дур гутсан Никола Тесла ажлаасаа гарч, хувьсах гүйдлийн тухайд өөрийнхөө зөв гэдгийг батлан харуулахаар сэтгэл шулуудан ажиллаж эхэлсэн юм. 

Никола Теслагийн хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн санаа нь цахилгааны хүртээмжийн хүрээг өргөсгөж, холын зайнд хүрэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход оршиж байсан юм. Энэ нь Томас Эдисоны Нью Иоркод байгуулсан 18 дулааны цахилгаан станцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Томас Эдисон цахилгааны эрин үеийг гэрлийн чийдэнгээр эхлүүлсэн хэдий ч үр ашиг багатай, энергийн алдагдал ихтэй тогтмол гүйдлийн зах зээлийг эзэгнэх зорилготой чадварлаг бизнесмен байсан. Томас Эдисон өөрийнхөө бүтээлийг хэр их ашигтай байхыг олж хардаг байсан гэхэд болно. Харин Никола Тесла бүтээсэн зүйлээ хэрхэн үр ашигтай, өндөр бүтээмжтэй байж чадахыг илүүтэйгээр анхаардаг байлаа.

Зүүн талаас 1. Никола Тесла 2. Жорж Вестинхаус

1886 он. Цахилгааны хэрэглээг хүн бүрт хүргэж боломжтой Никола Теслагийн бүтээлийг тухайн үеийн том бизнесменүүдийн нэг Жорж Вестингхаус сонирхож эхлэх болжээ. Жорж Вестинхаус түүний хувьсах цахилгаан хөдөлгүүрийн патентийг цаашид худалдах 735.5 ватт(нэг морины хүч) тутамд 2.5$ төлөхөөр тохиролцон худалдаж авав. (Одоогийнхоор 1.4 сая долларын гэрээ юм) Ингээд Вестинхаус Электрик компаний эхлэл тавигдсан юм.

Томас Эдисонд энэ нь хүнд цохилт болох нь ойлгомжтой. Тэрээр өөрийн технологийг сайжруулан өрсөлдөхийн оронд олон нийтэд хувьсах цахилгаан гүйдлийг аюултай хэмээн ухуулан сурталчилах арга хэмжээ авч эхэлсэн нь харамсалтай.

Томас Эдисон хувьсах гүйдлийг нохой, муур, морь, заан гэх зэрэг амьтад дээр "туршсан" байдаг.

Хувьсах гүйдэл аюултай! Хүний амь эрсдэж ч болно! гэсэн ухуулах хуудас Нью Иорк хотоор тархаж эхлэхтэй зэрэгцэн гудамжны золбин ноход нэг нэгээрээ алга болж эхлэв. Эдисон Электрик Лайт компаний ажилтнууд золбин нохойг нэг бүрийг нь 50 центээр худалдан авч, олны өмнө цахилгаан цохиулдаг "үзүүлэн тоглолт" хийж эхлэв. Гэвч хувьсах гүйдлийг аюулыг олонд таниулахад "амьтад хангалтгүй" байлаа.

Хожим 1903 онд Лон Анжелес хотод Топси хэмээх циркийн заан гурван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Томас Эдисон уг зааныг худалдан авч, ээлжит "шоу"-ндаа ашигласан юм. Топсиг 6000 вольтын хувьсах гүйдлээр цохиулж олны өмнө "цаазалсан" гэдэг. 

Түүхэндээ анх удаа "Цахилгаан сандал" хэрэглэн цаазаар авах ял гүйцэтгэв.

Түүхэндээ анх удаа "Цахилгаан сандал" хэрэглэн цаазаар авах ял гүйцэтгэв. Энэ үйл явдлын дараагаас Томас Эдисон цаазын ялыг эсрэг үзэлтэн болсон юм.

1890 он. Хүн амины хэргээр ялын дээд хэмжээ авсан ялтан Виллиам Кеммлер гэгч этгээд цахилгаан сандалын "анхны хэрэглэгч" болжээ. Тухайн үед хэрэгжиж байсан хувьсах гүйдлийн эсрэг "компанит ажил" амжилттайгаар ажил хэрэг болж эхлэв. Хувьсах гүйдлийн эсрэг үзэлтэн Харолд П. Браун болон Томас Эдисоны нарын зохион бүтээсэн цахилгаан сандалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд албан ёсоор хэрэглэж эхлэв.

Эдисон Электрик Компаний бууралт

Эдисон Электрик Компаний бууралт Зүүн талаас: 1. Томас Эдисон 2. Жон П. Морган

1892 он. Эдисоны туслах, хамтрагч нар нь хувьсах гүйдлийг цахилгаан үйлдвэрлэлийн салбарын цаашдын ирээдүй болохыг анзаарч эхлэв. Компаний дотоод зөрчилтэй байдлыг анзаарсан Уолл Стритийн хөрөнгө оруулагч Жон П. Морган цахилгаан үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн биеэр оролцоод байлаа.(1878 онд анх хөрөнгө оруулж байсан) Жон П. Морганд цахилгаан үйлдвэрлэлд хэнийг дэмжих огтоос сонин биш байв, гол нь энэ салбарт өөрийн ноёрхолоо тогтоох хүсэлтэй байсан ч, буруу хамтрагчаа сонгосон юм.(Томас Эдисон) 

Эдисон Электрик Лайт Компаний удирдах зөвлөл Томас Эдисонд итгэл алдарч, цахилгаан дамжуулах технологио хувьсах гүйдлээр солихоор сэм тохиролцсон байлаа. Удалгүй Эдисон Электрик Лайт компаний удирдах зөвлөл хуралдаж тус компанийг Томсон-Хьюстон Электрик Компани-тай нэгтгэн Женерал Электик хэмээх шинэ компанийг байгуулсан юм.(Жон П. Морганы оролцоотойгоор)

Ниагар хүрхрээ - Усан цахилгаан станцын төсөл

Ниагар хүрхрээ - Усан цахилгаан станцын төсөл

Цахилгаан гүйдлийн дайны төгсгөл иржээ. Томас Эдисон болон Никола Тесла нарын тэмцэл туйлдаа хүрч, хойд Америкийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх тэмцэл эхэлсэн юм. Энэ бол Ниагар хүрхрээ. Энэхүү хүрхрээний хүчин чадлыг энгийнээр тайлбарлавал секунд тутам хүрхрээнээс доош буух 6371.3 метр куб усны урсгал юм. Энэ нь дундаж хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц нэг сая тонн нүүрсийг бүтэн жилийн турш хэрэглэсэнтэй дүйх хэмжээ юм. Компаний дотоод асуудлын улмаас Томас Эдисон энэ тэмцэлд ялагдал хүлээж, Никола Тесла болон Жорж Вестинхаус нарын амжилтыг хөндлөнгөөс харж суухаас өөр аргагүйд хүрсэн юм.

Цахилгаан гүйдлийн дайны төгсгөл - Ниагарын усан цахилгаан станц

Цахилгаан гүйдлийн дайны төгсгөл - Ниагарын усан цахилгаан станц

Ниагар Хүрхрээний усан цахилгааны төслийн тухайд Жон П. Морган Жорж Вестинхаустай гэрээ хэлцэл хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтэв. Ийнхүү гэрээ хэлцэл хийж чадаагүй учир Жон П. Морган "Уолл Стрит"-д Жорж Вестингхаусыг их хэмжээний өртэй, санхүүгийн тогтворгүй байдалд байгаа гэсэн шуугиан тараажээ. Энэ нь ч үр дүнгээ өгч Вестинхаус дампуурлын ирмэг дээр ирсэн юм. Энэ сүйрлээс аврагдах сүүлчийн найдвар нь Никола Теслад төлөх ёстой "патентийн төлбөрийн өр"-нөөс салах байлаа.(одоогынхоор 1-2 сая ам. доллар)

Цахилгаан гүйдлийн дайн төгсөв.

Цахилгаан гүйдлийн дайн төгсөв.

Энэ их өрнөөс салж байж л компаниа аврах боломжийг эрэлхийлсэн ч, төдий үр дүнтэй зүйл болсонгүй. Нэгэн орой Никола Теслагийн гэрт нь очоод үнэн учраа тайлбарлан хэлжээ. Тесла хариуд нь 

"Ноён Вестинхаус, Та бол миний хамгаас дотно анд нөхөр минь билээ, бусад хүмүүс надад өгөөгүй итгэлийг та л надад өгсөн, бусдын зориглож хөдлөөгүй тэр үед та л урагш явах зориг гаргасан. Таны инженерүүд хүртэл ирээдүйг олж харж чадаагүй байхад та л намайг дэмжсэн. Та дэргэд минь үргэлж анд нөхөрийн хувиар байсаар ирсэн.

Энд таны байгуулсан гэрээ байна, энд миний гэрээ байна. Би одоо үүнийг хэдэн хэсэг болгоод урчихъя, ингээд та надад ямар ч өргүй. Энэ бүхэн хангалттай биз дээ?"

хэмээсэн байдаг. Вестинхаус Электрик компани аврагдлаа. Гэвч Никола Теслад ялалт, түүний өгөөмөр сэтгэлээс өөр юу ч үлдээгүй билээ.

Дүгнэлт:

Дайн хэмээн нэрийдсэн ширүүн тэмцэл энэ хүрээд өндөрлөсөн юм. Өнөөдөр бид үдэш бүр Томас Эдисоны патенттай гэрлийн чийдэнг Никола Теслагийн хувьсах гүйдлийн хөдөлгүүрээр бүтээсэн цахилгаанаар асаадаггүй гэвэл худал болох биз ээ. Цахилгаан гүйдлийн дайн хэмээн түүхэнд мөнхрөн үлдсэн энэ цаг үе нь зөвхөн Никола Тесла болон Томас Эдисон нарын хооронд болсон тэмцэл байсангүй. 

Энэ бол бүх цагийн үеийнхний дунд үргэлж тохиосоор ирсэн тэмцлийн нэгэн жишээ байлаа. Эдгээр эрхмүүд өөрсдийн оршин байсан түүхэн цаг үедээ хоорондоо зөрчилдөж, сайн муугийн алинг нь ч үйлдэж байсан байлаа, эдүгээ үеийн суурийг хамтдаа босгоцгоосон гэдэгтэй хэн ч маргахгүй юм.

Томас Эдисон агуу суут зохион бүтээгч байсан ч Менло Паркийн Шидтэн цолноосоо салж, өөр нэгний сүүдэрт амьдрахыг хүсээгүй байж болох юм. Өвгөд үргэлж залуусыг шүүмжилж суудаг ч, залуус үргэлж өвгөдөөс илүүг бүтээдгийн нэг жишээ юм уу даа хэмээн бодном. 

YOUR REACTION?