Гэрэл зургийн хөгжил, технологийн дэвшлийн ачаар хальсанд “хөдөлгөөнт зураг” буюу бидний өнөөгийн хэлж заншсан дүрс бичлэгийг хийх оролдлогууд тэртээ 19-р зууны сүүлээр эхэлсэн юм.

Томас Алва Эдисоны 1877 онд бүтээсэн фонограп тэр зууныхаа хамгийн алдартай, гэрийн нөхцөлд ашиглах энтертайнмент төхөөрөмж болов. Үүнтэй хоршиж, нүдэнд зориулсан дүрс харуулдаг болохын тулд 1888 онд Эдисон өөрийн лабораторийн туслах Диксонд хөдөлгөөнт зургийн камер зохион бүтээхийг үүрэгдэв. Түүний бүтээл Кинетограф нь 15 метр урт бүхий целлулойд хальсан дээр секундэд 40 кадрын хурдтай бичиж байлаа.

Кинетограф

Эдисоны үндсэн зорилго нь өөрийн фонографт зориулсан хөдөлгөөнт дүрсний төхөөрөмж байсан тул кинетографтай хоршин дүрс гаргах проекторын тухай бодсонгүй. Оронд нь Диксоноор дүрс бичлэг үзэх зориулалттай кинетоскоп гэх төхөөрөмж бүтээлгэв. Гайхалтай нээлт боловч хүн ганцаар үзэхэд зориулсан төхөөрөмж байсан тул олон нийтэд сайтар түгэж чадахгүй байлаа.

Кинетоскопоор үзвэр үзэж буй хүн

Кинетоскопын Европ дахь үзүүлэнгийн үеэр урамшин сэдэл авсан ах дүү Люмьерүүд хальсны цаанаас туссан гэрлийг хавтгай гадаргууд тусгаж дүрсийг томоор харуулдаг, өнөөгийн кино театрын үндэс болсон кинематограф төхөөрөмжийг бүтээв.

Энэ нь дүрсийг бичих болон, үзүүлэх чадамжтай бөгөөд 453 кг жинтэй кинетографыг бодвол хамаагүй хөнгөн, ердөө 9 кг жинтэй учир зөөвөрлөхөд хялбар, мөн олон хүн зэрэг үзэх боломжтой байснаараа илт давуу байдалтай болов. Энэ төхөөрөмжөө ашиглан ах дүүс 1895 оны 12 сарын 25-нд Парисын "Гранд Кафе"-д хөдөлгөөнт дүрсний үзвэр төлбөртэйгөөр харуулж эхэлснээр кино урлаг мэндэлсэн гэж үздэг.

Дэлхийн анхны кино үзвэр "Галт тэрэг ирсэн нь"

Люмьерүүдийн дүрс нь баримтат маягийн буюу тухайн газарт нь очиж авсан бодит дүрс байсан бол Эдисоных тусгай дүрс бичлэгийн өрөөнд хийсэн циркийн үзүүлбэр, хошин үзэгдэл маягийн байв. Гэвч аль алиных нь кино нь нэг удаагийн зураг авалтаар шууд авсан, ямар ч эвлүүлэггүй үзвэрүүд гэдгээрээ ижилссэн.

Ах дүү Люмьерүүд сонин, содон дүрс бичлэгийн эрэлд дэлхий даяар зураглаачдаа илгээж байснаар кинематограф нь Орос, Австрали, Япон зэрэг алс орнуудын кино театрын анхны үндсэн төхөөрөмж болжээ.

Хоёр зуун солигдох тэр үед киног зүгээр нэг хөдөлгөөнт зураг гэх ойлголт халагдаж, үүгээр түүх, хүүрнэл өгүүлж болохыг аажмаар ойлгосон ба үүнд Францын кино бүтээгч Жорж Меллес нэн чухал үүрэгтэй. Тэрээр мэргэжлийн илбэчин байсан бөгөөд кинематографын нүдэнд харуулж чадах илбэ зэрэглээ мэт боломжуудыг ихэд сонирхож байв. Люмьерүүд түүнд бүтээгдэхүүнээ зарахаас татгалзсан тул Роберт В. Пол гэх хүнээс 1896 онд аниматограф гэх проекторыг нь худалдан авч ажиллах зарчмыг нь эсрэгээр нь эргүүлж өөрийн гэх камертай болов. Дараа жил нь Меллес “Стар Филм” компанийг байгуулж өөрийн Монреүль дэх гэрээ студи болгон өөрчилж 1896-1913 оны хооронд 500 гаруй кинонд продюсер, найруулагч, зураглаач, жүжигчний үүрэг бүтээжээ.

Түүний 1902 оны “Сар руу хийсэн аялал” кино түүхэн эргэлт хийв. Жюль Верний зохиолоос сэдэвчлэн тусгай эффект ашигласан энэ бүтээлийн хальсны урт 251 метр бөгөөд анхны 14 минут үргэлжилсэн кино байлаа.

"Сар руу хийсэн аялал" кино

Олон улсад анхлан амжилт гаргасан энэ бүтээл Стар Филмийг дэлхийн хамгийн том продюсерүүдийн нэг болоход туслав. Меллес киног проектороор гаргах театрын жүжиг гэж үздэг байсан бөгөөд дүрсний нэг үзэгдэл солигдох болбол зураг авалт зогсон, жүжигчид тайз заслынхан өөрчлөлт хийдэг ба камераа нэг суурилуулсан газраасаа огт хөдөлгөдөггүй, зөвхөн нэг л цэгээс зураг авалтаа хийдэг байлаа.

Эдисоны кино компанид зураглаач хийдэг байсан Эдвин С. Портер анхлан олон талаас зэрэгцсэн зураг авалт хийж 1902 онд 6 минутын урттай "Америк гал сөнөөгчийн амьдрал", 1903 онд "Галт тэрэгний агуу дээрэм" киног хийснээр үзэгчдийн сонирхлыг Меллесийн арга барилаас илүүтэйгээр татаж ашиг орлогоороо тэргүүлэв. Энэ нь тус тусдаа хальсыг нийлүүлж нэгэн үргэлжилсэн хальс болгосноороо дэвшил болов.

"Галт тэрэгний агуу дээрэм" кино

Кино үйлдвэрлэлийн анхны бокс оффис хит "Галт тэрэгний агуу дээрэм" кино бодит байдлыг дүрслэн өгүүлснээрээ Меллесийн хийсвэр, фантастик бүтээлүүдийг давж арилжааны киноны зах зээлийг тэргүүлэх болов. 

Энэ бүтээлийн асар их амжилт нь хөрөнгө оруулагчдыг урамшуулж орон даяар кино театр, кино хайрцаг бүтээхэд ажлыг эхлүүллээ. 12 минут үргэлжлэх энэ кино мөн киноны уртад жишиг тогтоож илүү удаан хугацааны кино хийгдэж эхэллээ.

Меллесийн уналтанд Францын аж үйлдвэржилт болон Европт сэргэн мандаж эхэлсэн Пате Флерес компани нөлөөлөв. Фонограф импортлогч байсан Чарлес Пате Францын хамгийн том корпорациудаар санхүүжигдэн 1896 онд компаниа байгуулж, 1902 онд ах дүү Люмьерүүдийн патентийг худалдан авч студийн камерийг сайжруулсан нь Европ, АНУ-ын аль алинд нь ноёлсон бүтээл боллоо. (1918 оноос өмнөх нийт киноны 60 хувийг Пате камераар авсан гэх мэдээ бий.)

YOUR REACTION?