1. The Animatrix

1. The Animatrix

Бид ямар нэгэн матрикст амьдраад байгаа юм биш биз... Би ер нь амьдраад байна уу… Амьдрал гэж ер нь юу вэ... Би ингэхэд хэн билээ…

Матрикс киног үзсэн цагаас эхлээд л дээрх бодлууд толгойд эргэлдэж, өөрийн оршин буй байдалдаа эргэлзэж эхэлсэн хүмүүсийн тоонд та багтах бол Аниматрикс таны зайлшгүй үзэх анимейшны нэг. Матрикс анхдагч биш ч хиймэл оюун ухаан, хийсвэр бодит байдал, оюун ухааны дээд хөгжилд хүрсэн машин механизмуудын сэдэвт уран бүтээлүүдийн дотор яалт ч үгүй шилдэг нь. Аниматрикс нь матрикстай холбоотой 9 богино хэмжээний анимейшнээс бүрдэх бөгөөд хүн болон роботуудын хоорондох дайн хэрхэн эхэлсэн мөн матрикстай холбоотой бусад түүхүүд багтдаг.

2. Tomorrow I will date with your yesterday (Boku wa Ashita, Kinou no Kimi to Date Suru)

2. Tomorrow I will date with your yesterday (Boku wa Ashita, Kinou no Kimi to Date Suru)

За толгойгоо амраагаад нэг хөөрхөн романс кино үзчихье, магадгүй цаг хугацаагаар бага зэрэг аялах байх гэсэн бодолтой анх үзэж байсан ч одоо хүртэл ээдрээт зангилаа нь толгой гашилгаж эмгэнэлт хувь заяа нь сэтгэлээс салахгүй байсаар л байгаа кино. Үйл явдлыг цухас дурдвал:

Такатоши урлагийн сургуулийн сурагч. Харин Эми бол цаг хугацаа нь энэ ертөнцийн эсрэг чиглэлд явдаг параллель ертөнцөд амьдардаг охин. Эсрэг чиглэлд гэдэг нь Бенжамин Баттон шиг хөгшин төрж залуужих биш. Такатошиг 5 настай байхад Эми 35 настай, Такатошиг 35 нас хүрэхэд Эми 5 настай байх юм. Такатошигийн ирээдүй Эмигийн хувьд өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Такатошигийн Эмитэй уулзах эхний өдөр Эми Такатошиг эцсийн удаа харна. Киног илүү сонирхолтой мөн ээдрээтэй болгож байгаа нэг зүйл нь эдгээр хоёр ертөнц таван жилд нэг л удаа гуч хоногийн хугацаатай огтлолцдог учир тэд амьдралдаа 8 удаа л уулзах боломжтой. Нэг л замбараагүй юм шиг мөртлөө бүх зүйл нь нарийн холбогдсон, тэр чигтээ хайр дурлалын тухай мөртлөө танд амьдралыг харах шинэ өнцөг өгч чадах нэгэн кино. Дээрхээс юу ч ойлгоогүй биз. Та өөрөө үзвэл ямар вэ? 

3. The Neon Demon

3. The Neon Demon

Гоо үзэсгэлэн үргэлжид л дэлхийн хамгийн хүчирхэг зүйлсийн нэг байсаар ирсэн. Эргэн тойрныхоо ч эзэмшиж буй хүнийхээ нүдийг ч сохолдог учир аргагүй биз. Хүн бүр л хамгийн сайхан зүйлийг өөрийн болгохыг хүсдэггүй гэж үү? Гэхдээ хамгийн сайхан зүйлсэд ч үзэшгүй муухай тал байдаг гэдгийг битгий мартаарай.

Нүд баясгам зураглал сэтгэл догдлуулам гоо үзэсгэлэн нь таныг киноны турш уйдаахгүй боловч зурвасхан гардаг жихүүцэл хүргэм атлаа гайхшрал төрүүлэм хэсгүүд нь таныг үе үе "шоконд" оруулна. Үүнээс илүүтэй бидний сэтгүүлийн нүүрэн дээрээс л хардаг үргэлж инээмсэглэж явдаг үзэсгэлэнт моделиудыг хамгийн огиудас хүргэм байдлаар дүрсэлсэн нь бас нэгэн "шок". Ерөнхийдөө кино маш уйтгартай жүжиглэлт, үйл явдал тун бага. Гэсэн ч найруулагч Рефний гоо үзэсгэлэн, шунал, атаархал хорслыг харуулсан энэхүү бүтээлийг та зайлшгүй үзэх хэрэгтэй. Киног үзсэнийхээ дараа энэ линкээр орж найруулагчийн өөрийн тайлбарыг уншаарай. Зарим нэг ойлгомжгүй хэсгүүд нь хүртэл кинотой ямар гүнзгий холбогдсоныг ойлгох болно.

4. Love (+18)

4. Love (+18)

Хайр дурлалын сэдэвт олон зуун арван мянган гайхалтай бас гайхалгүй бүтээлүүд байдаг. Love-д толгой гашилгасан ээдрээт харилцаа гарахгүй. Харин хамгийн энгийн гэж хэлж болох нэгэн хосын хайрын түүх гарна. Тэд дурлана, хагацна, шанална. Энэ кинонд илүү тайлбар хэрэггүй учир таалах эсэхийг уншигч таны гэгээн мэлмий тунгаах биз ээ. 

5. Paprika

5. Paprika

Бид зүүдэндээ хүний физик хязгаараас давсан, бодит амьдралд бараг л боломжгүй олон зүйлсийг хийдэг. Нисэх, цаг хугацаагаар аялах, ерөнхийлөгч болох, харж явдаг хүндээ хайраа илчлэх гэх мэт... Тиймдээ ч амьдралыг илүү сонирхолтой болгодог зүйл нь зүүд юм. Тэгвэл бодит байдал зүүд 2 нийлбэл юу болох бол?

Киноны үйл явдал нэгэн залуу эрдэмтэн зүүд хуваалцах төхөөрөмж бүтээснээр эхэлдэг. Өвчтөнүүдийг зүүдээр нь дамжуулж эмчлэх зорилгоор анх бүтээгдсэн төхөөрөмж буруу хүний гарт орсноор бүх зүйл эмх замбараагаа алдаж хэн ч сэрж чадахааргүй “хар дарсан зүүдний бөөгнөрөл” гэж нэрлэж болох хар нүхийг үүсгэдэг. Зүүдлэгч буюу зүүдний эзэн байхгүй учир хүссэн хүн нь төхөөрөмжийг зүүсэн бүх хүнийг өөрийн “замбараагүй” зүүдэндээ татан оруулж чадна. Сатоши Коны сор бүтээл гэгддэг Паприка анимейшн одоог хүртэл олон уран бүтээлчдийн шинэ санааны охь болсоор байгаа бөгөөд хамгийн алдартай нь Леонардо Ди Каприогийн гол дүрийг бүтээсэн Inception юм. Ерөнхийдөө Inception киног Папарикагийн илүү хөнгөн, логиктой, реалистик хувилбар гэж хэлж болно. Этгээд зураглал, хүний санаанд багтамгүй үйл явдлууд нь таныг киноны турш дэлгэцээс холдуулахгүй.

YOUR REACTION?